2010-12-04
Төмөр хашаа унасан жаал буюу хүүхдийн зохиолын орчуулгын тухай

 

Хүүхдийн зохиол орчуулах амаргүй гэлцдэг. Тийм ч байх. Бага хүнд хаягласан зохиол том хүнд хандсан бүтээлээс илүү нарийн чимхлүүр байдгаас тэр биз. Үгийн уран дархчуудын давтагдашгүй өвөрмөц хийцтэй гойд чамин содон бүтээл л хүүхдийн сониуч сэтгэлийг татах нь лав. Уншиж дуустал анхаарлыг нь татах хүчтэй ном бүтээнэ гэдэг зохиолчийн ур чадвар, авьяас билэгтэй холбоотой. Тийм шилдэг зохиол сайн орчуулгын хүчинд л тухайн орны хөрсөн дээр бууна. Тэр тохиолдолд зохиолч, орчуулагчийн аль аль нь зоосны хоёр тал мэт адил түвшинд очдог ч байж мэднэ. Гадаадын шилдэг номыг Монголынхоо хүүхдүүдэд уншуулахаар хамаг л нэртэй зохиолчид маань ханцуй шамлан орсныг өнөөдөр бид эргэн харж байна.

1935 онд Б.Ринчен “Андерсений үлгэрүүд”-ийг, 1938 онд Ц.Дамдинсүрэн “Алтан загасны үлгэр”-ийг эх хэлнээ яруу сайхан буулгаж өөрсдөө үлгэрлэсний зэрэгцээ орчуулгад хоёр янзаар хандах маргааны эхийг ч бас тавьжээ. Нэг тал нь гадаадын эх зохиолоос гажихгүй байх, нөгөө нь дотоодын уншигчдад буух талаа бодох. Аль алиныг нь буруутгах аргагүй мэт. Орчуулагч бүхэн адил байх албагүй. Б.Ринчений орчуулга тухайн орны өвөрмөц онцлогийг баялаг сайхан эх хэлний үгсийн зөв найрслаар нүдэнд харагдаж гарт баригдтал дүрсэлдэг бол Ц.Дамдинсүрэнгийнх нь товшуурын аялгуунд тууль хайлах мэт монгол хүний сэтгэлд нийцтэй яруу үгийн урсгалаар халгин цалгиж ирдэг. Хүүхдийн номын орчуулгад тэд өөр өөрсдийн урлан бүтээх аргаар л хандсан байна. Тэгээд ч орчуулгын ажилд тэр нь зөв, энэ нь буруу гэсэн хатуу дүрэм таарахгүй. Урлан бүтээх ажил бол мөнхийн эрэл хайгуул байдаг.

Суут хоёр эрдэмтэн зохиолчийн гаргасан гэгээн мөрөөр Д.Сэнгээ, Ч.Лхамсүрэн, Х.Пэрлээ, Ч.Чимид, Ш.Гаадамба, Л.Ванган, Б.Явуухулан, Ш.Нацагдорж, Л.Түдэв, С.Бадраа, Ц.Хасбаатар, Д.Гомбожав, Д.Содномдорж, М.Цэдэндорж, Л.Хуушаан, Д.Маам, С.Сандагдорж нарын авьяаслаг зохиолчид замнаж, гадаадын сор болсон бүтээлээс өөр өөрсдийн дуу хоолойгоор орчуулж, бяцхан уншигчиддаа бүхэл бүтэн номын сан бүрдүүлж өгчээ.

Хүүхдийн ном орчуулах ажилд зохиолчид яагаад түлхүү оролцож эхэлсэн юм бол? Нэг талаар мэргэжлийн орчуулагч ховор байсан байх. Нөгөө талаар ном орчуулна гэдэг гадаадын зохиолыг эх орныхоо хөрсөн дээр дахин төрүүлнэ гэсэн үг. Түүнийг “эх барьж авахад” зохиолчид халуун сэтгэлээр угтаж, өөрийн зохиол мэт хандах нь олон. Мөн уран зохиолыг орчуулна гэдэг маань зүгээр нэг гадаад хэл мэддэг төдий хүний ажил биш, утга зохиолын авьяастай, мэдрэмжтэй, эх хэлээрээ найруулан буулгах ухааныг төгс эзэмшсэн хүний хийх ажил юм. Энэхүү давуу тал нь манай зохиолчдод илүү ойр байдаг биз ээ.

Тэр ч байтугай орчуулсан зохиолоо өөрийн бүтээлд тооцох тохиолдол ч цөөнгүй. Оросын зохиолч А.Толстой хүүхэд ахуйдаа Италийн зохиолч Коллодийн “Пиноккиод тохиолдсон явдал” зохиолыг уншсан байж. Хожим нэртэй зохиолч болсон хойноо багадаа уншиж байсан модон хүний тухай номоо эрээд олоогүй ч үйл явдал, баатрууд нь сэтгэлд тод үлдсэн тул эргэж дурссаар “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” гэсэн ном бичиж, зохиогчийн эрх эдлэн хэвлүүлжээ. Нэгэн бодлын чөлөөт орчуулга мэт тэрхүү ном нь бяцхан уншигчдын хамгийн дуртай ном болсон түүхтэй.

Оросын хүүхдийн зохиолч К.Чуковский Английн зохиолч Хью Лофтингийн “Дулитл докторт тохиолдсон явдал” зохиолыг чөлөөт орчуулгын аргаар “Ай ёо доктор” ном болгон хэвлүүлсэн нь хамгийн сайн хувилбарт тооцогдож олон оронд орчуулагдсан байна. Энэ жишээгээр авч үзвэл Орос ардын “Боов” хэмээх үлгэр, А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, С.Маршакын “Муурын байшин” зохиолыг академич Ц.Дамдинсүрэнгийн нэрээр хэвлүүлсэн ч болохгүй гэх юмгүй. “Боов” хэмээх орос ардын үлгэрт цэцэлсэн:

Авдрын ёроолыг малтвал

Атга гурил гарна

Савны ёроолыг шавхвал

Шанага гурил олдоно хэмээх бадаг, “Муурын байшин” жүжигт өгүүлж буй:

Муурын байшин шатлаа

Муухай явдал боллоо

Түргэн дохионы хонх

Түн тан, түн тан

Түймэр гарлаа цаана чинь

Түн тан, түн тан гэх мэт түгшүүрийн үг ч юм уу, эсвэл “Алтан загасны үлгэр”-т дүрсэлсэн:

Хар усан ундтай

Хад чулуун нөмөртэй

Газрын агуйд хоргодож

Галын илчинд шүтэж

Гучин жил тэнэж

Дөчин жил суув гэх зэргээр ардын аман зохиол мэт чөлөөт мэргэн шүлэглэлээс үзэхэд монгол хувилбар нь эх зохиолоосоо илүү болсон мэт сэтгэгдэл төрөөд байдаг юм. Ямар ч гэсэн зохиолчид, орчуулагчдын ачаар Шарль Перрогийн Улаан малгайт, Марк Твений Том Сойер, Павел Ершовын бөхтэй морьхон, ах дүү Гриммийн Үнсгэлжин, Даниэл Дефогийн Робинзон Крузо, Жонатан Свифтийн Гуливер, Хауфын Бяцхан Мук, Эрих Распэгийн Мянгуужин, Андерсений Лусын дагина, Сетон Томпсоны Лобо чоно, Сельма Лагерлефийн галуу унасан Нильс, Льюис Кэрролийн Алиса, Астрид Линдгрений дээвэр дээр суудаг Карлсон, Корней Чуковскийн Бибигон, Сергей Михалковын Степа ах зэрэг дэлхий дахинаа алдаршсан номын баатрууд манай бяцхан уншигчдын дотно танил болсон юм.

Өнгөрсөн зууны тавиад оны дундуур хүүхдэд дагнан бичдэг зохиолчид гарч ирсэн нь Монголын утга зохиолд шинэ үзэгдэл болжээ. Тэдний анхдагч Д.Содномдорж “Гол дээр”, Л.Түдэв “Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ” хэмээх яруу найргийн номоороо уншигчидтайгаа мэндчилсэн билээ. Тэдэнд хүүхдийн яруу найргийн орчуулгын номууд хүчтэй нөлөөлсөн ч байж мэднэ. Утга зохиолд хөтлөн оруулсан багш нь тэр үед “Цэцгэнд ус хэрэгтэй, хүүхдэд ном хэрэгтэй” гэсэн өгүүлэл бичиж Корней Чуковскийн “Зад угаагч” хэмээх алдарт номыг урьд өмнө байгаагүй хөгжимлөг өнгө аясаар орчуулж далан мянган хувиар хэвлүүлж түгээгээд байж. Тэр хүн бол Монголын Зохиолчдын Хороог тэргүүлж байсан төрийн хошой шагналт яруу найрагч Д.Сэнгээ байв. Түүний орчуулж хэвлүүлсэн Украйны зохиолч Платон Воронькогийн “Чиний ном” бүр ч их анхаарал татаж байлаа. “Идэмхий тугал” гэдэг нэг шүлгийг нь толилуулъя.

Ичимхий зараа хэвтэж гэнэ

Идэмхий тугал ирж гэнэ

Бөөрий нь тэр долоож гэнэ

Өөрий нь хэл өвдөж гэнэ

Дайралдсан бүгд хоол биш гээд

Даажигнасан зараа инээж гэнэ.

Ердөө л энэ. Хүүхдийн шүлгийг яаж бичих вэ? гэсэн асуултын хариу ердөө л энэ. Шүлэг нь богинохон ч хөгжил хөдөлгөөн, хөнгөн хошигнол, уран санаа, гүн ухаан бүгд л багтжээ. Мөр болгон нь үйл явдал. Цуврал зураг зурмаар, хүүхэлдэйн кино хиймээр тийм баялаг. Магтаалын өнгө аястай хуурай хөндий шүлгээс уран санаатай, үйл явдалтай амьд шүлэгт шилжих ухаарлыг тухайн үеийн зохиолчдод өгөх гэж “Идэмхий тугал”-ыг хөтөлж ирсэн болов уу гэсэн бодол надад төрдөг. Тэгээд ч Д.Содномдорж:

          Жигмэд Тогмид хоёр

Жимсэнд хамт явжээ

Уулын модонд очоод

Уралдаж түүх болжээ гэсэн алдарт шүлгээрээ шууд л урнаар дүрслэх алтан боломжоос шүүрч авсан ч байж болох юм. “Өөрийнхөө шүлгийн сайн мууг мэдье гэвэл өөр хэл рүү орчуулаад үз” гэсэн нэг үг байдаг. Үйл явдалтай, уран дүрслэлтэй шүлэг ямар ч хэлэнд сайн бууж, гаднаас нь тоочиж ерөнхийлсөн цагаан шүлгийг орчуулах боломж тун тааруу гэнэ. Манай хүүхдийн уран зохиолд эхэн үедээ хүүхдийг гаднаас нь хөөрхөн гэх аястай өхөөрдөж бичсэн шүлгийн урсгал нэг хэсэгтээ үргэлжилж билээ. Тийм нөхцөлд уран дүрсэлж сурахад туслах зорилгоор орчуулгын шүлгийн нэлээд ном гаргасан бололтой. Миний хувьд ч үзэг нэгт нөхдийнхөө нэгэн адил зохиол бичихийн зэрэгцээ орчуулгын ажлыг хавсарга болгон хийж байлаа. Тэгэхдээ ихэвчлэн оросоос, ахис хийвэл зарим нэг социалист орны хүүхдийн шүлгээс орчуулна.

Тэгтэл 1990 онд улс орон ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд эргэлт буцалтгүй орж, бидний өмнө дэлхий нээлттэй болов. Зохиолч, орчуулагчдын хувьд хүсэн хүлээсэн цаг нь ирлээ. Хөгжил дэвшлийн дээд түвшинд хүрч, хүн ард нь баян чинээлэг аж төрдөг орны хүүхдүүд юу уншдаг юм бол? Түүнийг олж мэдэхээр үзэл суртлын уяанаас тавигдмагц би 1991 онд Германы Мюнхен хотод байх Олон улсын хүүхдийн номын санг зорилоо. Дэлхийн хүүхдийн утга зохиолтой танилцах сайхан боломж гагцхүү тэнд л олдлоо. Орон орны хүүхдийн утга зохиолоор мэргэжсэн судлаачид надад дэлхийн шилдэг хүүхдийн зохиолчдын нэрсийн жагсаалт гаргаж өглөө. Тэр дагуу газар газрын шилдэг номтой танилцах боломжтой болж, заримаас нь орчууллаа. Тэтгэлэгт цалинтай гурван сарын хугацаанд хийсэн ажлаа эргэн харвал дөч гаруй орны шилдэг зохиолчдын шүлгээс орчуулсан байв. Тийнхүү ажиллах явцдаа аль дундад зууны үеэс Англид хүчтэй хөгжиж эхэлсэн хүүхдийн зохиол бусад орнуудад үлгэр жишээ болж байсныг мэдлээ. Бидний шүтдэг байсан Оросын хүүхдийн утга зохиолын нэрт мастер Корней Чуковский, Самуэл Маршак нар Английн хүүхдийн уран зохиолоос орчуулах явцдаа шилдэг уламжлалаас нь суралцаж байсан бололтой. Тэдний шүлгүүд дотоод зохион байгуулалт, хэм хэмнэл, эгшиглэнт мөр бадаг, уран сэтгэмжээрээ бусад зохиолчдоосоо илт ялгарч байдаг бөгөөд тэдгээр нь Английн сонгодог зохиолчдын бүтээлд олонтаа тааралдаж байлаа. Бид Оросыг дуурайж байсан шиг Чуковский, Маршак нарын тэргүүлэх зохиолчид нь олон үеийн туршлагатай Английн хүүхдийн утга зохиолоос суралцаж байсан бололтой.

Би Мюнхенд орчуулсан шүлгүүдээ эмхэтгэж “Бэхийн саван дахь илбэчин” нэрээр хэвлүүлэх санаатай хөөцөлдөөд бүтсэнгүй. Улсын хэвлэл дампуурч, хувиараа хэвлүүлэх боломжгүй тийм үе байв. Нэг өдөр “Бармаш” компани миний номыг хэвлүүлж ажилчдынхаа хүүхдүүдэд үнэгүй тараах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Минийх яахав, гадаадын зохиолчдоос уншуулах нь чухал гэж ятгасаар “Бэхийн саван дахь илбэчин” түүврээ хэвлүүлэх болов. Гэтэл эхнээсээ л бэрхшээлтэй тулгарлаа. “Бармаш” компаний захирал Дүүжий гар эхийг минь хэд эргүүлж үзсэнээ “Өө, ийм шүлгийг хүүхэд ойлгохгүй” гээд өөдөөс түлхэв. “Та хүүхэд биш болохоор ойлгохгүй нь аргагүй. Харин хүүхдэд уншуулаад үз!” гээд би өөдөөс нь түлхэв. Эцэст нь хөрөнгө зарж хэвлүүллээ. Ямар ч гэсэн хүүхдэд уншуулаад үзье гэж бодсон байх. Хэвлэгдсэний дараа тэн хагасыг нь надад өгч “Үүнийг зарж мөнгө болгоорой. Шагнал нь юм шүү” гэлээ. Номын дэлгүүрт тавьж бүтэн жил болсон ч хүний урманд ганц ч ном гүйсэнгүй. Дэлхийн хүүхдийн уран зохиолын шинэ урсгал оруулж ирэв хэмээн баяртай явсан ч түүнийг надтай хуваалцах хүн үзэг нэгт нөхдийн минь дундаас ч гарсангүй. Тэгэхээр нь нэг удаа анх санаачилсны давуу эрхээ эдлэн “Уран жиргээ” тэмцээнийг нөгөө орчуулгын номынхоо хүрээнд хийх болзол гаргалаа. Тэгсэн чинь эцэг эхийн ширүүн эсэргүүцэлтэй тулдаг байна шүү. Уран унших боломжгүй шүлгийг уралдааны болзолд орууллаа энээ тэрээ гэж.

Эцэст нь би нэг зүйлийг ойлголоо. Хөгжлийн өндөрлөгт хүрсэн орнуудын шүлгийг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна. Тэдгээр орнуудад сэтгэлгээний болоод гүн ухааны зохиол түлхүү хөгжжээ. Бусдыг дуурайх бус өөрийн гэсэн өвөрмөц бодолтой бие хүн болж хөгжихөд нь сэтгэлгээний зохиол хүүхдэд тусалдаг юм байна. Барууны орнуудын үсрэнгүй хөгжлийн нууц нь гагцхүү түүнд л байгаа мэт. Цагаа болохоор манайхан ч тийм зохиолоор үр хүүхдийнхээ оюун билгийг хөгжүүлж, тэрхүү гэгээлэг хүмүүс улс орноо өөд татах нь лавтай. Тэр цагт эрэл сурал болох оюуных нь талхыг өнөөдөр би бэлтгэж сууна. Нэг мэдэхнээ миний монголчилсон шүлгийн тоо мянгад хүрэв. Гадаадын шилдэг зохиолчдын жараад номыг эх хэлнээ орчуулж гаргасан байна.

Эдүгээ би олон жилийн турш орчуулсан шүлэг үлгэрээсээ шилэн сонгож “Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” хэмээх хоёр боть гаргаад “Дэлхийн хүүхдийн утга зохиолын тойм” хэмээх сурах бичгийн шинжтэй гурав дахь боть дээрээ ажиллаж байна.

Харь хэлнээс монголчилсон бүтээлээ өнөө эргэн харвал эх зохиолыг ягштал барих, санааг нь аваад утгачилан буулгах хоёр хандлагын аль аль нь надаас салсангүй. Зохиол болгоны утга санаа өөр өөр түлхүүрээр нээгдэнэ. Таарах таарах түлхүүрийг нь олно гэдэг амаргүй. Оросын хүүхдийн утга зохиолд хөгжимлөг өнгө аясыг оруулж ирсэн нэрт зохиолч, миний найз Эмма Мошковская нэг удаа намайг хүүхдүүдтэй хийх уулзалтдаа урьж билээ. “Би сая Польшийн зохиолч Юлиан Тувимийн “Галт тэрэг” шүлгийг орчууллаа. Чи сонс!” гээд уншиж гарлаа. Уурын хөдөлгүүрт галт тэрэг замдаа гарч буй, тэгсэнээ ган зам дээгүүр түчиг тачиг хийн явж буй чимээг үгээр ямар гайхамшигтай дүрслэн уншсан гэнэ. Би бүр алмайрч орхиод байтал “Чи энэ шүлгийг монгол руугаа орчуул” гэлээ. Шүлгийн галт тэргийг хөдөлгөхөд үгийн түлхүүрийг нь олж тааруулах хэрэгтэй. Би түүнийг эрж хайсаар:

Уухх усс

Уухх усс

Нэхсээр

Нэхсээр

Уур цан

Уур цан

Хаясаар

Хаясаар

хэмээн уншиж эхэлтэл “Зүйтэй, чиний үгийн галт тэрэг утаа савсуулсаар замд гарлаа” хэмээн дуу алдаж баяр хүргэв. Эмма өөрөө дуурийн дуучны мэргэжилтэй байв. Шүлгээ бичихдээ ямагт л төгөлдөр хуур даран мөр бадгийнхаа хэм хэмжээг жигдэлж суудагсан. Шүлгээ унших нь дуурийн тайзан дээр гарсан жүжигчин шиг л харагддаг байсан. Тэгээд би түүний хөгжимлөг шүлгүүдийг орчуулаад 1972 онд “Мундаг эрийн унадаг дугуй” нэртэйгээр хэвлүүлж гаргасан. Ихэсгэлийн аргаар дүрээ тодруулдаг ардын аман зохиолд тулгуурлан монгол хүүхдийн сонирхолд ойртуулахыг хичээж түүнийг орчуулсан. Харин Эмма “Аав, Ээж, Би” номыг минь орчуулж Москвад гаргахдаа Оросын хүүхдэд ойлгомжтой болгож, нөгөө л эгшиглэнт шүлгийн арга барилаараа хандсан байв. Хожим нь уулзахдаа бид хоёр орчуулснаа бие биедээ уншиж өгөөд хэн хэнийхээ яруу найргийн түлхүүрийг олжээ гэлцэн баяр хөөр болж билээ.

Дэлхий дээрх янз бүрийн үндэстэн ястны аж төрөл, ёс заншил, хэв маяг өөр өөр байдгаас орчуулгын явцад бэрхшээл үүсэх нь бий. Гэхдээ түүнд гарц ямагт олдоно. “Требития хүрэх гүүр” хэмээх энэрэнгүй номоороо дэлхийн залуу үеийнхний оюуны ертөнцийг байлдан дагуулсан АНУ-ын нэрт хүүхдийн зохиолч, олон улсын Андерсений шагналт хатагтай Кэтрин Петерсон өчүүхэн миний “Исгэлэн даага” номыг хянан тохиолдуулахдаа шилбүүрээр морь хийн наадаж байсан бяцхан монгол жаалыг төмөр хашаа унан тоглож байгаагаар өөрчлөн зассан байв. Америкт шилбүүр унана гэсэн ойлголт байхгүй тул уншигчид нь яагаад ч ойлгохгүй гэнэ. Харин төмөр хашаа унан тоглож өсөөгүй хүүхдийг олоход бэрх юм байна. Хэдийгээр тайлбар хийгээд шилбүүр унуулж болох ч эцсийн эцэст орчуулж буй орныхоо хэв ёсыг дагаж тэр нутгийн уншигчдад ойлгомжтой байх талыг барих нь зөв гарц мэт. Юу унасан нь гол биш харин түүнийгээ морь болгон тоглож буй санаа нь чухал учраас Америкийн хүүхдүүдэд л уншуулах юм бол төмөр хашаа унуулахад болохгүй гэх газаргүй.

2007 онд би АНУ-д уригдан очиж бараг л бүх муж улс бүрээс ирсэн хүүхдийн зохиолчидтой нь уулзалт хийхдээ “Аранзал зээрд” шүлгээ уншаад юуны тухай шүлэг вэ? хэмээн санаандгүй асуулаа. Нэг зохиолч морины тухай шүлэг байна гэхэд аялгуу сайхан монгол хэлээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж нүдэндээ нулимстай зогсож байж билээ. Бас нэг зохиолч босоод “Та минь ээ! Уран зураг, хөгжмийг орчуулгагүйгээр ойлгодог шиг үгийн урлагийг эх хэл дээр нь ойлгох шинэ төрөл хүүхдийн утга зохиолд гарч ирж байгаа юм биш үү?” гэж хөөрхөн цаасан малгай өмсгөж байсан. “Аранзал зээрд” шүлэг бол морины алхаа гишгээний хэм хэмнэлээр зохиогдсон шүлэг тул ямар ч хэлэнд орчуулах аргагүй гэж би боддог байсан. Тэгтэл Английн орчуулагч Саймон Смит төрөлх хэл дээрээ дуун буулгаад надад яг л морь тачигнатал давхиж буй аялгуу гарган уншиж өгч байсан. Бас нэг тохиолдол санаанд орлоо. Германы нэрт зохиолч Михаэль Эндетэй төрсөн нутагт нь уулзахад бид “Төгсгөлгүй түүх” зохиолынх нь талаар ярилцаж байв. Хүүхдэд зориулсан сэтгэлгээний тэр зохиолыг Энде ямар ч хэлэнд орчуулах боломжгүй, зөвхөн герман хэл дээр уншихаас өөр аргагүй хэмээн бодож байтал нэг мэдсэн чинь дэлхийн 36 орны хэлээр гарчихаж гэнэ. Наран улсын ханз үсгээр орчуулах бүр боломжгүй гэж байтал япон эхнэр нь бас эх хэлээрээ гаргачихаж. Герман зохиолчийн тэрхүү ном Японы шилдэг номын сэнтийд заларч, түүнээс хойш уншсан хүн бүр зөвхөн Эндетэй уулзах гэж Мюнхен хотыг зорих болжээ. Сүүлдээ залхаад гадаадын хүнтэй уулзахаас зайлсхийх болсон тухайгаа ярьж байсан. Надтай яагаад уулзсан тухайд нь асуухад монгол хүнийг үзээгүй тул ямар боловч Чингисийн үр садтай ярилцмаар  санагдсан юмсанж.

Хүүхэд ойлгохгүй гэдэг үгээр халхавч хийж, биднийг хурга тугалхантай ноцолдуулаад байсан нь хуучин цагийн оюун санааны хоцрогдлын нэг байжээ. “Би бүхий л бүтээлээрээ хүүхэд том хүн хоёрын дундах ханыг нураасан” гэж Михаэль Энде хэлж байсан. Тэр цагаас эхлэн би олон үеийн турш хүүхдийн оюуныг хөгжүүлсэн сэтгэлгээний, гүн ухааны номын эрэл сурал болж түүнийг орчуулан бяцхан уншигчиддаа барих аянд мордсон юм. Тэгээд Америкийн сонгодог зохиолч Эдгар Аллан По-гийн “Элдорадо”, Нобелийн шагнал хүртсэн цорын ганц хүүхдийн зохиолч Сельма Лагерлефийн “Солигдсон хүүхэд”, АНУ-ын хүн бүхний сайн мэддэг хамгийн шилдэг хүүхдийн зохиолч Доктор Сьюзийн “Малгайтай муур”, Германы нэрт хүүхдийн зохиолч Андерсений шагналт Эрих Кестнерийн “Ганц шүдтэй сэрээ”, Михаэль Эндегийн “Бяцхан хатагтай” зэрэг сэтгэлгээний олон зохиолыг орчуулж уншигчиддаа барьсан.

Гүн ухааны хөрснөөс ургаж гарсан сэтгэлгээний зохиолууд нь юмс үзэгдлийг өөр өөрийн өнцгөөс харах боломжийг уншигчиддаа олгодог. Тийм номыг арван хүүхэд уншихад арван янзаар л ойлгоно. Гэтэл бүх нийтийн соёл гэсэн чиг хандлагыг баримталсан нийгэм журмын үеийн номыг арван хүүхэд нэг л хувилбараар ойлгодог байв. Бусдаас өөрөөр өвөрмөц сэтгэснийг нь гажиг хүүхэд хэмээн ад шоо үздэг байж. Оюун санааны хувьд бусдаас хараат бус өөрийн гэсэн үзэл бодолтой, давтагдашгүй бие хүнийг хөгжүүлэхэд гүн ухааны, сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн номууд тусалдаг ажээ. Манай хүүхдийн утга зохиолын орчуулга ч энэ чиглэл рүү хандвал бяцхан уншигчид маань оюуны бяр тэнхээгээрээ манлайлж Монголынхоо хөгжлийг дэлхийн түвшинд хүргэнэ. Хүн өөрөө хөгжиж байж л улс орноо хөгжүүлэх билээ.

Жамбын ДАШДОНДОГ

 

АШИГЛАСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

1.     Андерсений үлгэрүүд (Орч. Б.Ринчен), Ардын гэгээрлийн яам ба Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэл, УБ 1935

2.     А.С.Пушкин, Алтан загасны үлгэр (Орч. Ц.Дамдинсүрэн), Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1956

3.     С.Маршак, Муурын байшин (Орч. Ц.Дамдинсүрэн), Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1956

4.     Боов (Орч. Ц.Дамдинсүрэн), Эвлэлийн төв хорооны хэвлэл, УБ 1964

5.     Коллоди Карло Лоренцини, Пинокиогийн адал явдал хэмээх жаахан модон хүний үлгэр (Орч. С.Сандагдорж), Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1965

6.     А.Толстой, Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал (Орч. Чойжилсүрэн), Улсын хэвлэлийн газар, УБ 1957

7.     К.Чуковский, Доктор Ай Ёо (Орч. Санжаа), Шинжлэх ухааны хүрээлэн, УБ 1937

8.     К.Чуковский, Зад угаагч (Орч. Д.Сэнгээ), Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1957

9.     П.Воронько, Чиний ном (Орч. Д.Сэнгээ), Гэгээрлийн яамны хэвлэл, УБ 1956

10.                        Бэхийн саван дахь илбэчин (Орч. Ж.Дашдондог), “Есөн эрдэнэ” компани, УБ 1995

11.                        Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж (Эмхэтгэгч, орчуулагч Ж.Дашдондог), “Сэлэнгэпресс” компани, УБ 2009

12.                        Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж (Эмхэтгэгч, орчуулагч Ж.Дашдондог), “Сэлэнгэпресс” компани, УБ 2010

13.                        Эмма Мошковская, Мундаг эрийн унадаг дугуй (Орч. Ж.Дашдондог), Боловсролын яамны хэвлэл, УБ 1972

14.                        Михаэль Энде, Бяцхан хатагтай, “Алтан үлгэр” нөхөрлөл, УБ 1997

15.                        Михаэль Энде, Бесконечная книга, Амфора, Санкт-Петербург 2001

16.                        Сельма Лагерлеф, Солигдсон хүүхэд (Орч. Ж.Дашдондог), “Алтан үлгэр” нөхөрлөл, УБ 1998

17.                        Katherine Paterson, Bridge to Terabithia, Harper Trophy, New York 2005

18.                        Dashdondog Jamba, Suckling Colt (Исгэлэн даага), English version, consultant Katherine Paterson, MCCF, Ulaanbaatar 2008

19.                        Dashdondog Jamba, Mom, Dad and Me (English transltion Simon Wickham-Smith), Ulaanbaatar print, Ulaanbaatar 2008

20.                        Dr. Seuss, The cat in the hat, Random house, New York 1968

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:38 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 15:42, 2011-05-27 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 11:28, 2011-03-23 | Холбоос | |


үнсэлт
Бичсэн: Зочин цаг: 11:28, 2011-03-23 | Холбоос | |


шүлэг
Бичсэн: aaazuugii (зочин) цаг: 14:30, 2010-12-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax