2010-11-27
Нэгэн хүрээний шавь-Насан туршийн найзууд

 

Би эцгийн амьд сэрүүнд Бүрэгхангай сумын дээхэн буй Бүрээ толгойн өвөрт хамт очиж, Шадубдаржайлин хийдэд шавилан сууж байсан үеийнх нь дурсамжаас сонсож билээ. Хамгийн том буурь нь Цогчин дуганых байв. Түүнээс баруун урьд буй нэгэн буурийг заагаад “Миний сууж байсан дугана тэр дээ!” гэлээ. Дэжээлингийн аймаг гэсэн нэртэй байж. Тэр дуганад тахилч хийж байсан гэнэ. Энэ бол 1920-оод оны үеийн үйл явдал билээ. Түүнээс зуугаад жилийн өмнө тэрхүү Дэжээлингийн дуганад Монголын их яруу найрагч, Эрдэнэ бандид хувилгаан Агваан Ишсамбуу шавилан сууж байсан гэлцдэг.

          Банди нараас хамгийн ойр дотно үерхдэг нь Дандар баатар байжээ. Тэр тухайд аав “Дандар бид хоёрын аль хөглөж явсныг ярьж барах вэ? Бид түүнийг Дотгондогом гэж хочилдог байсан юм. Дотгондогом гэж тогтооход амархан хамгийн бага ном л доо. Манай Дандар түүнээс өөр ном мэдэхгүй юм л бол Дотгондогом уншиж явдгаас тийм цол авсан хэрэг. Тэр үед Бүрэгийн хүрээнд зуудаг ноход их байв. Түүнтэй байлдах гэж тэр үеийн банди нарын зугаатай нэг ажил байв. Давхиад ирсэн нохойны аманд мод зуулгаад сарьсан хамрыг нь хусахад ямар ч нохой ган хийгээд л эргэдэгсэн. Зуудаг нохой хашрааж явсан хоёрын нэг нь улсдаа нэртэй мэргэн, нөгөө нь Монголдоо алдартай баатар болсон түүхтэй. Ер нь Дандар бид хоёр хоёулаа номд тааруу байсан. Хүүхэд л юм болохоор дүрсгүйтэхдээ сайн. Ямар сайндаа цог хормойлж явж дээлээ түлчихээд гэсгүйд бэрээдүүлж явах вэ дээ” гэх зэргээр дурсан ярьж суулаа.


Зүүн гар талаас хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог,
Монгол улсын баатар Лодонгийн Дандар,
Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамба

Хийдийн гол шүтээн нь Лхам бурхан байж. Урдуур нь хадгаар хаачихсан тул хэн ч хардаггүй. Аав нэг удаа бурхдын тоосыг гөвж яваад шүтээнээ хальт харсан гэдэг. Тэрхүү луус унасан Лхам бурхны зургийг хожим нь олж аваад насан турш шүтсэн дээ. Бүрэгийн хүрээний шавь хоёр найзын үерхэл насан туршид нь үргэлжилсэн. Дандар баатар манайд ирэхээрээ аавтай тэврэлдэн уулзаж, багын явдлаа л дандаа ярьдаг сан. Шөнөжин яриад ч барагдахгүй. Тэр үед нь сонсож тэмдэглэж аваагүйдээ одоо би харамсан сууна. Дандар гуайг амьсгал хураахын өмнөхөн нь аав, ээж, бид гурав очсон. Үг хэлж чадахгүй нүднээс нь нулимс асгараад л, аав бас нулимсаа арчаад л үнэхээр багын сайн найзууд салж ядан байхыг харахад элэг эмтэрч зогссон.

Дандар гуай аав хоёрын насан туршийн сайхан үерхлийн тухай би олонтаа бичсэн бөгөөд энэ бага зайд алийг нь ч гэж багтааж хэлэх юм билээ дээ.

Ж.Дашдондог

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 13:08 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax