Урчуудын хорооны зуслан гэж гурван эгнээгээр шил даран жагссан цэргүүд шиг энгийн хэдэн байшин байдагсан. Жагсаалын дарга нь гэмээр хүрэн дүнзэн байшин дээхэн талд нь байх. Тэнд Урчуудын Эвлэлийн Хорооны дарга Н.Цүлтэм гуайнх суудаг байв. Тэднийхээр хүн хар орж гараад байдаггүй. Цүлтэм дарга өглөө машиндаа суух нь нэг үзэгддэг, орой машинаас буух нь нэг харагддаг. Хэн нэгэнтэй нийлж наргиж даргиад байдаггүй. Жаахан зожигдуу талдаа хүн үү гэмээр. Хааяа тааралдахад том алаг нүдээ эргэлдүүлэн харах нь сүрдмээр. Балчир хүүхэд тэднийх рүү мөлхөж үзэгдвэл эцэг эх нь “Ий, цаана чинь дарга!” гээд т...