2010-09-28
Би хүүхдийн суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг

Японы NHK телевизийнхэн “Азид хэн нь хэн бэ?” хэмээх хэмээх алдарт нэвтрүүлгээ монголын хүүхдийн зохиолч, Нүүдлийн номын сангийн эрхлэгч, Жамбын Дашдондогт зориулж гаргаж байлаа. Мөн монголын олон хүүхдүүдийн унших дуртай ном, дуулах дуртай дуунуудын эзэн, түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Ярилцсан: О.Мөнхнаран http://munkhnaran.blogspot.com/2009/09/blog-post.html

Хүүхдийн уран бүтээлээр чөлөө завгүй ажиллаж байгаа хүн гэвэл яахын аргагүй өөрийг тань нэрлэнэ. Ойрын үед ямар бүтээл туурвиж байна? Үүгээр яриагаа эхлэх үү?

- Дэлхийн хүүхдийн 3 боть номонд дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад энэ саналыг тавьсан. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө. Хүүхдийн уран зохиолын сурах бичгийн чанартай байх юм.

Уншихыг яармаар номын сураг байна. Хүний нэг насандаа хийж болох хамгийн том буянт үйлс бол ном бүтээх гэдэг. Таныг өөрийн уран бүтээлээс гадна гадаадын алдарт зохиолчдын 1000 гаруй бүтээлийг орчуулж монгол хүүхдүүдэд хүргээд байгаа тухай сонсож байсан. Та бол хүүхдийн зохиолчоос гадна хүүхдийн зохиолын орчуулагч хүн. Энэ хоёр ботидоо нэмж орчуулга хийсэн байхаа. Эдгээр бүтээлүүдийнхээ ач холбогдолыг юу гэж хэлэхсэн вэ?

- Хамгийн гол нь улс орнуудын шилдэг зохиолчдын бүтээлийг олж авч оруулсан. Яаж олж авсан юм бэ гэхээр, би 1991 онд Германы Мюнхэний Олон Улсын хүүхдийн номын сан гэдэг байгууллагад нэг сар суусан. Тэр үедээ дэлхийн улс орон болгоны шилдэг зохиолчдын нэрсийг гаргаж өгөөч гэж тэднээс хүссэн. Надад нэг жагсаалт гаргаж өгсөн. Тэр жагсаалтын дагуу материал цуглуулж эхэлсэн юм. Оросын “Детский Литература” сэтгүүл. Би бараг 35 жил захиалсан. Дугаар болгоныг нэг оронд зориулж гаргадаг. Тэнд нь зохиолыг нь, зохиолчийн зураг, зохиолын тухай нь нийтэлдэг. Мөн Оросуудын гаргаж байсан Дэлхийн хүүхдийн зохиолын хоёр том боть. Өөрөөр хэлбэл надад маш их материал байсан юм. Эдгээрийг яаж монголын хүүхдүүдэд хүргэх вэ гэж бодоод л яваад байсан. Учраа олохгүй байгаад байсан юм. Хүүхдийн уран зохиолын гурван боть гарсаны дараа ер нь дэлхийн хүүхдийн уран зохиолын ном гаргая гэсэн яриа гараад. Тэгэхээр нь би юун сайн юм надад нэг ийм материалууд байгаа гээд үзүүлсэн. Энд эрх нь нийтийнх болсон бүтээлүүд голлож орсон. Мөн орчин үеийн улс орны шилдэг зохиолчдын бүтээлүүдийг орчуулж оруулахдаа зохиолчдоос өөрсдөөс нь зөвшөөрөлийг авч оруулсан. Зохиолоор нь дамжуулан тухайн орны хүмүүстэй, зан заншилтай нь танилцдаг. Монголын хүүхдүүдийг орон орны ёс заншил, ахуй, хүүхдүүдтэй нь танилцаасай гэж бодож хийсэн дээ, энэ ажлыг.

Тэгвэл энэ ботиудаар дамжан монголын хүүхдүүд дэлхийн жараад орны хүүхдүүтэй танилцах нээ. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Оросууд хүүхдийн уран зохиолын хоёр ботийг гаргахдаа нилээд том редакцийн зөвлөл ажилласан байдаг. Та ганцаараа шахам энэ том ажлыг амжуулж байна. Гэтэл энэ том ажлынхаа хажуугаар таныг саяхан Солонгос улсад зочлоод ирсэн сураг байсан. Ямар хэргээр явсан бэ? Бас л хүүхдийн ном зохиолын ажилаар уу?

- - Солонгосын Даум сангаас дэлхийн шилдэг хүүхдийн зохиолуудаар “Оли боли онлайн пикчер боокс” хэмээх цуврал гаргаж эхэлсэн байна. Оли боли гэдэг нь бол өөрсдөө зохиосон, манайхаар бол ардын үлгэрийн баатарын нэрийг Солонгос үлгэрээс авчихсан гэж байна лээ. Зурагт ном бол дэлхий даяар урлагийн нэг төрөл болоод хөгжчихсөн. Энийг л цахим хэлбэрт оруулж дэлхийн шилдэг номуудаар цуврал хийж байгаа юм байна. Ноднингоос эхэлсэн бөгөөд эхний номуудынхаа нээлтийг сая хийлээ. Бүтээл нь орсон зохиолчдийн бүх зардалыг нь дааж урьж ёслолдоо оролцуулсан. Одоогоор 10 гаруй орны зохиолчдийн бүтээлээр энэ цувралаа хийгээд байгаа. Тухайн орнуудын элчин сайдууд болон Юнескогоос төлөөлөгчид оролцсон том арга хэмжээ боллоо. Миний үүрэг ердөө гуравхан минут үг хэлэх байлаа..

Таны бүтээл Болонид болдог олон улсын хүүхдийн номын яармагийн шилдэг 21 номын жагсаалтад орж байсан. Энэ удаа ямар бүтээл тань энэ цахим номын цувралын эхний арваад зохиолд багтав? Манайхаас өөр зохиолчдийн бүтээл орох болов уу?

- Энэ бол маш сонирхолтой хэлбэр юмаа. Энимэйшн ном гээд байгаа юмаа зураг нь хөдөлдөг, хөгжим дэвсэр болдог. Баатарууд нь ярьдаг, амьтад нь дуугардаг, жүжигчид маш чадварлагаар текстыг нь уншиж байна. Миний “Долоон бөхтэй тэмээ”, “Сүүлчийн алмас” хоёр ном сонгогдож орсон. Тэр сайтыг нь л мэдвэл хүүхдүүд гэртээ суугаад уншиж болох болжээ. Би монголынхоо зохиолчдийн бүтээлүүдийг ийшээ оруулъя гэж бодсон. Нийт зохиолчдодоо мэдэгдээд байгаа л даа. Шинэ хэв маяг руу орог. Манайхан цаасан ном л гэж мэднэ. Цахим ном гэж гарсан юм бараг байхгүй байх. Тийш нь номууд явуулъя гэж яриад нөхөд маань ч номуудаа бэлдэж байна.

Одоогоор хэн хэн бүтээлээ бэлтгэж байгаа бол?

- Д.Батжаргал лав явна. О.Сундуй, Д.Гармаа нар бэлтгэж байгаа. Гэхдээ энэ бол очсон даруй хэвлэчихдэг газар биш. Редакцийн комисстой. Түүгээр баталбал хэвлэгддэг. Бид л мэдэхгүй болохоос тэд манай монголын хүүхдийн зохиолуудыг дэлгүүрүүдээс аваад явчихдаг. Манай зохиолчдийн ихэнх ном тэнд оччихсон байна лээ.

Таныг “Монголын бага Андерсон” гэж Өвөр Монголын нэртэй судлаач нэгэнтээ нэрлэсэн нь бий. Дэлхийн тэр том хүнтэй адилтгах түвшинд хүрэхэд юу нөлөөлсөн бол? Яагаад заавал хүүхдийн уран бүтээл дээр ажиллах болсон вэ?

- 17 настай байхад анхны номыг маань улсын хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн. Би өөрөө хүүхэд байлаа. Булган аймгийн арван жилийн дунд сургуулийн сурагч. Тэгэхэд улсын хэвлэл номыг нь гаргана гэдэг агрономич болох гэж байсан хүүхдийг чинь дээш нь хөөргөөд явчихаж байгаа юм.

Та агрономич болох гэж байсан юм уу? Ер нь багадаа ямар мөрөөдөлтэй хүүхэд байв? Бага насны хөгтэй явдлууд, мөрөөдөл тэр хүнийг явах зам руу нь чиглүүлдэг гэж боддог. Таныг бас энэ зам руу хөтөлсөн мөрөөдөл юу байсан бол?

- Тийм. Би эхлээд багш болох гэж байсан. Манай багш Ц. Дашням гэж энэ

Д. Сэнгээ гуайн дүү шүү дээ. Багш маань цээжээр шүлэг уншина, уран яруу ярина. Тухайн үедээ манай аймагт том соён гэгээрүүлэгч оччихсон байсан. Тэгээд л Дашням багш шигээ багш болно гээд явж байтал нэг удаа эмнэлэгт хэвтлээ. Нэг муу хамрын шуухинаа хүрээд. Тэгсэн чинь цээжин дээгүүр нэг мөнгөн юм гүйгээд л миний өвчнийг мэдээд байх шиг. Тэгэхээр нь өө эмч болъё гээд л эмчийн юм цуглуулаад л бэлдээд байлаа. Тэгж байгаад хөдөө амраад гараад ирсэн чинь манай нутагт хөдөлмөрийн баатар, хоньчин Очир гэж байлаа. Тэгтэл түүн дээр гадаадын хүмүүс, сэтгүүлчид, бүр Цэдэнбал дарга ч очиж уулзаад байх шиг. Энэ ер нь ямар юм вэ, би ерөөсөө хоньчин болно гэж бодлоо. Хонь байхгүй цаастай хүнд чинь ямар юмаараа хоньчин болох вэ дээ. Сургууль цуглачихаад хичээлээ тараад явж байсан чинь жигтэйхэн гоё хүүхэн ар дээрээ суулгачихсан улаан мотоциклтэй хүн хажуугаар давхиад өнгөрлөө. 9-р ангид л байсан байх. Хүүхнийх нь улаан алчуур салхинд дэрвээд л жигтэйхэн сайхан харагдлаа. Ямар хүн ийм юм хийдэг юм бэ гэсэн чинь агрономич гэнэ. Өө тэгвэл би агрономич болъё гээд л шийдчихлээ. Москвад сурч байсан ах руугаа “би агрономич болохоор шийдсэн, надад Темирязовын академийн бүх юмыг явуул” гээд л захидал бичлээ. Ах маань ч надад бүх л юмыг нь явуулаад, тэгээд бэлтгээд байж байлаа. Гэтэл манай сургууль дээр Содномдорж гэдэг хүүхдийн зохиолч ирээд уулзалт хийж байна гэнэ. Орсон чинь тэр хүн шүлгээ уншаад л, хөгжим дарж дуулаад бүр хөгжлүүлж өгч байх юм. Манай ангийн гоё гоё охидыг авч бүжиглээд л. Бид айгаад бүжиглэж чадахгүй байхад. Энэ ямар айхавтар зоригтой хүн вэ гэж бодлоо. Шүлэг уншаад л. Бууз хуушуур нь үстэй гуанз Бусад хоол нь ястай гуанз гээд уншсан чинь сургуулийн тогооч час улаачихаад гараад явчихлаа. Дахиж орж ирээгүй юм. Тэр үед л үг ямар их хүчтэй юм бэ? Сургуулийн тогооч гэдэг чинь биднийг загнадаг, тэр хүнийг ганцхан бадаг хэлээд л гаргаад явуулчихаж байдаг. Энэ ямар ид шидтэй юм гээд л бодож байтал, манай багш энэ хүүхэд шүлэг бичдэг гээд намайг танилцууллаа. Би тэр хүнд хэдэн шүлэг уншсан чинь тэдгээрийг маань аваад явсан юм. Гэтэл Улаанбаатарт очоод ном болгоод гаргачихаж. Танай банк руу шагнал шилжүүлсэн гэнэ. Хүүхдэд ямар мөнгө өгөх биш, манай аав яваад аваад ирлээ. Тэр үед 400 цаас гэдэг чинь их мөнгө шүү дээ. Бараг аавын цалингаас ч их байсан юм уу даа. Бөөн баяр болоод л. Тэгээд л нөгөө агрономич гэдгээ болиод ерөөсөө хүүхдийн зохиолч болъё гэж шийдсэн дээ. Нэгэнт улсад ном гарчихсан юм чинь гээд буцалтгүй явсаар эдүгээ хүрлээ.

Анхны ном тань бараг хагас зуун жилийн өмнө, хүхдийн алдарт зохиолч Д.Содномдоржийн гараар дамжин улсад хэвлэгдсэн гэхээр их сайн ном байжээ дээ. Ямар нэртэй ном бэ? Анхны номоо гар дээрээ 17-тойдоо тавихад ямар санагдаж байсан бэ?Мөн таныг Их сургуулийн монгол хэл уран зохиолын ангид манай нэртэй зохиолч, яруу найрагчид болох Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Т.Юмсүрэн нартай хамт сурч байсан гэж дуулсан?

- “Аргатай хүү” гэдэг нэртэй. Их сургуульд орж ирлээ. Хөвсгөлийн машины ард суугаад ирсэн чинь нүүр гэж дан тоос, яг л энгэсэг тавьсан мэт. Тэгээд их сургуулийг эрээд яваад л байлаа. Би уг нь кинон дээрээс харсан л даа. Нэг хүнээс асуулаа “Их сурууль хаана байна“ гэтэл “Хөөе тэнээг дээшээ хараач” гэлээ. Нээрээн тэгсэн чинь доошоо хараад дээд оройг нь харалгүй яваад байж. Их сургуулийн дэргэд нь зогсож байж билээ. Үүрч ирсэн шуудайгаа үүдэнд нь тавьж байгаад орлоо. Монгол хэл утга зохиолын ангид орно гэсэн чинь авахгүй гэнэ. Тооны ангид л ор гэлээ. Ядаад би номоо гаргачихсан хүн байна гэж даналзсан чинь “Чиний ном гэж юу байдаг юм, бас худалч золиг байх нээ” гээд хөөгөөд гаргачихлаа. Хэвлэх үйлдвэр рүү очоод миний ном байна уу гэтэл байна гэнэ. Тэр болтол номоо үзээгүй л яваад байгаа хэрэг шүү дээ. Номоо авчираад үзүүлсэн чинь “Их эр юм хөөе, энийг тэр утга зохиолын ангид нь авъя” гээд авчихлаа. Тэр ном бол үндсэндээ их сургуульд элсэх гэрчилгээ болсон үүрэгтэй.

Их сонирхолтой түүх юмаа. Хүүхдийн шүлгийг тань шиг ийм хөгжимлөг бичдэг хүн бараг байхгүй байх. Бас таныг шүлгээ хэмнэлтэй сайхан уншиж байхыг сонссон. Томчуудад зориулсан шүлэг бичиж байсан уу?

- За яахав дээ. Залуу хүнд хайр дурлал таарна. Хайр дурлалын 50 дэвтэр шүлэг надад байна л даа. Дандаа хайр дурлалын шүлгүүд. Тэрийг би нэг ч хэвлүүлээгүй юм. Хүний амьдрал юм хойно хайр дурлалын янз бүрийн юм болно шүү дээ. Энэ дэвтэрүүдээ хүүдээ өгчихсөн. Уншиж сонирхвол сонирх. Сонирхохгүй бол хожим нэг хэвлүүлнэ биз ээ, аав нь одоо хүүхдийн зохиолоороо л явъя гэсэн дээ.

Уран бүтээлийн энэ урт замд нийт хичнээн бүтээлтэй болоод байна, хүүхдийн зохиол?

- Саяхан нэг жагсаалт гаргаадахсан чинь хэвлүүлсэн ном 73 байна. Гэхдээ хүүхдийн зохиол чинь нэгдүгээрт нимгэхэн, хоёрдугаарт дахин хэвлэгдсэн байна. “Аав, ээж би” гэхэд л дөрвөн удаа хэвлэгдсэн. Эдгээрээ тооцоод үзэхэд 73 байна. Би энэ жагсаалтдаа сэтгүүлчийн болон том хүний номуудаа оруулдаггүй юм.

Таны бүтээлүүд нилээд олон орны хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байхаа? Морьтой үлгэрүүд чинь Араб, Малайз зэрэг арваад хэлнээ орчуулагдсан гэсэн.?

- За яахав дээ, голцуу орос хэл дээр гарсан даа. Яг нарийн мэдэхгүй байна. Арваад орны хэлнээ орчуулагдсан байхаа. Би одоо заримыг нь олж авч чадаагүй л байна. Заримыг нь ч хүмүүс гадаад яваад авчирч өгдөг. Ванчаарай зохиолч Украйнд явж байхдаа номын дэлгүүрт нь “Аав ээж би” гэсэн ном байхаар нь аваа надад хэдийг өгсөн. П.Пүрэвсүрэн зохиолч Москвад явж байсан чинь Туркмэнд хэвлэчихсэн байна гээд аваад ирж байх шиг. Иймэрхүү өөрөө ч мэдээгүй номууд байдаг юмаа.

Таны үг аяыг нь зохиосон “Хурга хурга чи яагаад хундан цагаан болсон юм бэ?” гэсэн дууг манай үеийнхэн дуулж өссөн. Энэ дуу олон улсын шагнал авч байсан гэсэн. Ямар нэртэй билээ? Өөр хэд хэдэн шагнал авсан. Мөн таны амьдралынхаа олон жилийг зориулж эрхэлсэн Нүүдлийн номын сангийн тухай? Яагаад ийм номын сан ажиллуулах болсон юм бэ? Сайн дурын ийм ажил хийх санаа хаанаас төрөв?

- “Таван зүс” нэртэй л дээ. 1978 онд Олон улсын хүүхдийн дууны гран при авсан. Олон улсын Алтан Унага, Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгчийн гарамгай яруу найрагчийн алтан медаль, Олон улсын хүүхдийн утга зохиолын зөвлөлийн Асахэ буюу номын уншилтанд олгодог шагналтай. Би 1991 онд Мюнхэнээс ирээд, нөгөө авсан жагсаалынхаа дагуу номууд гаргаж эхэлсэн л дээ. Нэг мэдсэн 108 ном гаргачихсан байсан. Тэр үед хүүхдийн ном хэвлэлийн байгууллага бараг байхгүй болчихсон. Ямар ч л байсан монголын хүүхдүүддээ эдгээр номуудаа уншуулъя л гэж бодсон. Ингээд эхнэрээ номын санчаар, хүүгээ жолоочоор, өөрөө даргаар нь ажилласан даа. Бараг 18-19 жилийн турш нийтдээ 70 мянган км зам туулж бүх аймгаар явсан байдаг. Ийм урт зам туулсан гэхэд олон улсын байгууллага итгэхгүй байж билээ. Монголын газрын зураг дээр явсан газруудаа тэмдэглээд илгээсэн. Тэгээд тэр шагналыг хүртсэн. Нүүдлийн номын сан маань хоёр машин үрсэн дээ. 

Ийм урт замыг гэр бүлээрээ хамтдаа туулан, хүүхдүүдэд ном уншуулах гэдэг их л зориг шаардахаас гадна та бүхний үнэхээр хүүхдүүдэд ном уншуулъя гэсэн сэтгэл хүчтэй байсныг харуулж байна.. Хүүхдүүд яаж хүлээж авч байсан вэ?

- Нүүдлийн номын санг манайх гэр бүлээрээ эрхлэн зохион байгуулдаг. Монголын цаг агаар эрс тэс, намар сайхан налайж байснаа гэнэт хүйтрээд шуурчихна. Гурвантаа амиа алдахад хүрч байлаа. Гэхдээ цаана нь хүүхдүүд баярлаж байдаг болохоор их сайхан л даа. Эхлээд хүүхдүүдийг татах гэж чихэр тараана. Тэгээд номоо үзүүлнэ. Гэтэл хүүхдүүд их сонин, чихэр лүү биш, ном руу хошуураад орчихно. Түүнээс үүдэн “Амттай ном” гэдэг дуу зохиогоод тэрийгээ хүүхдүүдтэйгээ хамт дуулдаг. Манай Нүүдлийн номын сангийн сүлд дуу гэх үү дээ. Үзэмтэй үрэл хичнээн амттай ч Үлгэрийн ном бүр ч амттай гэсэн үгтэй. Тэр үед манай номын санд ном уншсан хүүхдүүд одоо гуч гараад явж байгаа байх. Тэдэнтэй дахин нэг уулзахсан гэж боддог юм. Ямар хүмүүс болцгоосон бол гээд л.

Хүүхэд бол хүний орчлонгийн гэрэл гэсэн үг ч бий. Хүүхдийн ертөнцөд орж, тэдний сэтгэхүйд хүрч зохиол бичих утга зохиолын хамгийн хүнд төрөл байхаа?

- Хүүхдүүд бол суут хүмүүс гэсэн үгэнд дуртай. Их сонин ш дээ. Биеэсээ том толгойтой хүн зурчихаад “Толгойд бодол багтахгүй байхад том зурахаас яахав” л гэнэ. Хоёр чихээ том жижиг зурчихаад Үглээ сонсохоор жижигсээд Үлгэр сонсохоор томроод гэнэ. Долоон нас хүртлээ суут хүмүүс байгаад бидэн шиг энгийн хүсүүс болдог. Өөрөөр хэлбэл би хүүхдийн энэхүү суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг. Хүүхдийн зохиол бол сэтгэлгээний өндөр түвшинд, гүн ухаантай бичигдсэн байх ёстой гэж боддог.

Таны бүтээлийг Жан Перро гэдэг нэртэй судлаач “Андерсений маягаар бичсэн монгол үлгэрүүд” хэмээн нэрлэснийг олж үзсэн. Энэ яг ямар бүтээлийг тань ингэж үнэлсэн юм бэ? Манай ямар ч судлаач ингэж үнэлээгүй санагдана? Андерсен бол дэлхийн хүүхдийн зохиолын “хаан” шүү дээ. Энэ хүнтэй жишиж гадны судлаачаас үнэлгээ авсан таниар бахархахгүй байхын аргагүй санагддаг. ?

- Миний “Морьтой үлгэрүүд” гэж дотроо есөн хэсэгтэй бүтээл бий. Энэ ном маань бараг арваад хэлнээ орчуулагдсан. Монголчуудын үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг шиг хүүхдэд зориулсан бүтээл маш товч тодорхой, бас их гүн санаатай байх ёстой. Миний “Гэр” чинь анх есөн хуудас байсан. Эхнэртээ уншуулсан чинь арай л сунжруу байна гэсэн. Тэгээд хассаар ердөө нэг хуудас зохиол болсон. Нэг хуудсандаа их санааг хэлж өгөх нь чухал. Монголчууд, Чингис хаан эв нэгдэлтэй байх санаагаа монгол гэрээсээ авсан байх гэсэн бодлоос бичсэн зохиол л доо.

Таны зохиолуудыг уншаад хүүхдүүдийг уйлж байхыг харсан хэмээн нэгэн Япон судлаач бичсэн байсан. Хүний сэтгэлийг хөдөлгөж чадаж байгаа л хэрэг байх. Том хүмүүсээс захидал ирж байв уу?

- Миний “Чулуун домог” хэмээх амьтны тухай үлгэрүүдийг хүүхдүүд их уншсан. Уншаад уйллаа гээд зөндөө захидал ирүүлдэг. Хүүхдийн сэтгэл их сайхан шүү дээ. Америкийн тэргүүн хатагтай Лора Бушаас захиа ирсэн. Тэрээр “таны агуу их нинжин сэтгэлийг хүндэтгэж байна” гэсэн. Энэ надад ямар ч том шагналаас илүү сайхан санагддаг юм.

Таны бага насны дурсамж, ялангуяа багадаа сонсож байсан үлгэрүүдийн тухай сонсмоор байна? Таны одоо хүсч мөрөөдөж буй хамгийн чухал зүйл юу вэ?

- Ээж маань ная хол давсан хөгшин бий. Ээж ярьдаг юм. Намайг гурван ойтой байхдаа ээжийг голын эрэг рүү чирээд байж. Очсон чинь эргийн шавраар амьтаны зөндөө дүрс хийчихсэн байсан гэж. Тэгээд ээж маань баярлаад ойр орчны хүмүүсийг дуудаж манай хүүгийн бүтээлийг хараарай гэж. Манай нутгийн настай хүн миний толгойг илээд тэр хүмүүс баярлаж байсныг би санадаг юм. Энэ л надад их урам өгсөн гэж боддог юм. Цасан дээр их зурдаг байсан, багадаа. Тэр үеийн манай нутгийнхан их сайхан хүмүүс байсан. Ерөөсөө хэрэлддэггүй. Бие биеэ их хүндэтгэнэ. Тийм сайхан хүрээлэл дунд өссөн дөө. Эмээ маань надад орой болгон “Цуутын цагаагч гүү”-г ярьж өгдөг байсан. Өөр үлгэр мэдэхгүй юм болов уу л гэж бодож байлаа. Энэ үлгэр намайг их зөөлөн хүн болгосон гэж боддог доо.

Таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болно. Цаана нь хүүхэд бүхний хүсэл мөрөөдөл байгаа болохоор. Улам их амжилт, урт удаан наслахыг хүсэн ерөөе. О.Мөнхнаран

 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:44 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax