2010-03-23
Амттай ном

 

Захиргаадалтын жавар баяртай. Ардчиллын хавар сайн байна уу? Санаа бодлоо хяналтгүй илэрхийлэх сайн цагийн үүдийг нээсэн Эрх чөлөө танаа мэхийн ёслоё. Тийм цаг ирдэг байжээ, бас. Хамгийн их хүсэн хүлээсэн хүмүүс нь зохиолчид байх. Хуучин цагийн улс төрийн бүгчим агаар бичгийн хүмүүст дэндүү халтай байв. Хэвлэн нийтлүүлэх эрхээ олон жил хасуулж шаналсны хувьд түүнийг би сайн мэднэ. Нэгэн цагт би монголын Залуучуудын сонины ерөнхий эрхлэгч байлаа. Тэгтэл ганцхан өдөр эсэргүүн болж, ажлаасаа халагдан дахин хүмүүжихээр ажилчин ангийн эгнээнд орох нь тэр. Юунаас болов? Шөнийн ээлжээс бууж явсан монгол ажилчдын автобусыг оросын машин мөргөснөөс нилээд хүний амь эрсэджээ. Нэгэн монгол залуу шатсан автобуснаас шархадсан хүмүүсийг зөөж яваад өөрөө нас барсан юм байж. Сайхан сэтгэлт тэр залуугийн тухай бичсэн найрууллыг сониндоо нийтэлсний төлөө намайг шийтгэв. Ердөө л тэр. Түүнээс болж зөвлөлтийн эсрэг үзэлтэн хэмээн цоллогдов. Би Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж үү? Зөвлөлтөд сургууль төгсч, бараг л бүх хүүхдийн зохиолчдынх нь бүтээлийг монголд орчуулж, монгол зөвлөлтийн залуучуудын найрамдлын гурван удаагийн их наадмыг гардан зохион байгуулж, Зөвлөлтийн сэдвээр олон ном бичиж хэвлүүлсэн хүн шүү дээ. Тэр дундаа сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бичсэн “Орос аялгуу” ном маань залуучуудыг байлдан дагуулж байсан үе. Зөвлөлтийн эсрэг үзэлтэн болсныг маань оросын хүүхдийн зохиолч найз нөхөд сонсоод “Тэгвэл Москвад Дашдондогийн жил болгоно” хэмээн хүүхдийн бүх сонин сэтгүүлд шүлгийг минь орчуулж хэвлүүлээд надад ирүүлж байсан. Тэгэхэд аяндаа гарах нулимсаа барьж ядаж байж билээ. Тийм л цаг байсан. Хэрэв Чингисийн цус биеэр нь гүйсэн эрэлхэг залуус улс төрийн жаврыг сулруулж, эрх чөлөөний хавартай золгуулаагүйсэн бол эсэргүүн Дашдондогийн хувь заяа хаашаа эргэх байсан нь тодорхой.

Гэвч шинэ цаг үе тааламжтай эхэлсэнгүй. Миний насан турш шүтсэн хүүхэд хэмээх бурхад маань зах зээлийн догшин хөлд үрэгдэх янзтай. Хүүхдийн номын сан нь банк, хүүхдийн кино театр нь хөрөнгийн бирж болчихов. Хүүхдийн жүжиг тавьдаг театр орлогоо бодож эротик жүжиг тавих болов. Хүүхдийн ном хэвлэлийн газар нь дампуурч хаалгаа барив. Хүүхдүүд үй олноороо гэрээсээ дайжиж, гудамж хонгил аль тааралдсан газраа бараадан амьдрах боллоо. Тэд маань тэнэмэл хүүхдүүд гэдэг нэр хочтой. Тэр бүхний тухайд хичнээн халаглан бичивч хайхрах хүн олдохгүй тул үг минь элсэнд асгасан ус шиг л уусан алга болж байв. Ядуурал газар авлаа. Тэр дундаа оюун санааны ядуурал сэтгэл түгшээж байлаа. Түүний балаг алхам тутамд илрэх болов. Хүүхэд дээрэм хийлээ ч гэх шиг, хотын нэг хүү хөдөөний өвгөний амийг бүрэлгэж хэдэн халтар төгрөгийг нь авлаа ч гэх шиг. Яана даа, яана. Ирээдүйгээ ингээд алдах гэж үү? Яавч үгүй. “Гэдэс өлсөх нь нэгэн үе, толгой өлсөх нь түмэн үе” гэсэн үгийг би ямагт хэлж явах боллоо. Хүүхдийн асуудлаар хийсэн том хурал дээр, хүүхдийг оюуны ядуурлаас аврах талаар үг хэлтэл нөлөө бүхий нэгэн том дарга намайг буруутгаад “Гэдэс нь өлссөн хүүхэд чиний шүлгийг уншаад зогсож байх юм уу?” хэмээн танхимыг эргүүлж орхив. Тэр өдрөөс хойш гадаад дотоодын сайн санаатнууд ядарсан хүүхдүүдэд хоол, хувцасаар туслах аянаа идэвхжүүлж эхлэв. Зөв л дөө. Гэхдээ оюуны ядуурлаас хүүхдийг аврах ажлыг орхигдуулж яахан болох! Хэн ч үл анхаарах тэр салбар луу ханцуй шамлан орохоос өөр аргагүй боллоо. Байдаг хөрөнгөө шавхан байж, бас хүүхдэд хайртай гадаад дотоодын хүмүүсээс нэмэр хадив авч 108 жижиг ном хэвлүүллээ.  Тэрхүү цувралд дэлхийн болон монголын хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлүүд орсон юм. Сонголт яаж хийв? гэж асуу. Ялангуяа гадаадын номыг. Ардчиллын буянаар улс төрийн уяанаас тавигдсан бичээч би хамгийн түрүүнд Мюнхен зорьсон билээ. Гучаад жил очих гэж мөрөөдсөн олон улсын хүүхдийн номын сан тэнд байсан юм.

Хөрөнгөтөн оронд явах нь социализмын орны иргэдийн хувьд өдрийн од байлаа. Дайснууд энд тэндээс гарч ирээд буудчих маягийн ойлголтыг бидний багад өгдөг байсан. Тэр айдас хүйдэс нөлөөлсөн үү, эхлээд хөл тавихад эвгүй л байлаа. Гэтэл тэнд ямар ч аймшиг байсангүй. Бидний л адил амьдардаг жирийн хүмүүс байв. Олон улсын номын сангийн сайхан сэтгэлт нөхөд маань надад дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлийн жагсаалт гаргаж өглөө. Зохиогчийн эрх нь нийтийн болсон хүүхдийн зохиолчдын сонгодог бүтээлээс Мюнхенд гурван сар суухдаа орчуулсан юм.


Тийнхүү монголын бяцхан уншигчдад урьд нь хаалттай байсан орнуудын шилдэг бүтээлтэй танилцах боломж нээгдсэн юм. Чингээд хувиараа хэвлүүлсэн 108 номоо үүрсээр аль тааралдсан унаандаа суун хөдөөгийн хүүхдүүдэд уншуулж эхэллээ. Японы NHK телевиз “Азид хэн нь хэн бэ?” алдарт нэвтрүүлэгтээ өчүүхэн намайг урив. Азийн хүүхдийн найрамдал байгууллагаас автобус, ном илгээлээ. Түүнийг чин сэтгэлийн өргөл болгон барьсан Ибараки сургуульд хожим нь очиж, багш сурагчдад нь гүн талархлаа илэрхийлж билээ. Ном орчуулах зардлыг нь Японы шуудан өгсөн. Орчуулах ажлыг нь монголын их дээд сургуулийн япон хэлний ангийн 400 гаруй оюутан дөрвөн жилийн турш хийсэн. Түм гаруй ном болохоор тийм их ажил болох нь ч аргагүй. АНУ болон бусад орнуудаас ч олон ном бэлэглэсэн. Монголын зам бэрхшээлтэй учраас хоёр ч жижиг автобус жагсаалаас гарч билээ. Дэлхийг бүслүүрээр нь хоёр бүтэн тойрох хэмжээний зам туулсан юм чинь. Моторт хөлөг туулж үл хүчрэх замд бид үхэр тэрэг, морин тэрэг, тэмээгээр явсан нь ч цөөнгүй. 2006 онд бидэнд Олон улсын хүүхдийн Номын зөвлөлөөс IBBY-Asahi шагнал гардуулсан. Нүүдлийн номын сан одоо Монголын бүх аймгаар аялаад байна. Хөдөөгийн хот айлд очиход хүүхдүүд тал талаас гүйлдэн угтдаг. Зарим нь саахалтын газраас мориор давхилдан ирдэг. Тэдэнд бид чихэр түгээхэд нэг их тоохгүй гагцхүү ном руу л зүтгэлнэ. Түүнийг хараад “Амттай ном” шүлэг бичлээ. Аяллын замд аялгуу нь аяндаа ороод ирсэн. Тэгээд бид хүүхдүүдтэй хамт

Чихэр хүлхвэл араанд уусна

Ном уншвал толгойд үлдэнэ

Ай, ням ням ням

Амттай ном ном ном! гэж

дуулах боллоо. Нүүдлийн номын сангийн сүлд дуу ч гэмээр юм уу даа. Хүүхэд, номын амтыг нэг л мэдрээд авбал тэр нь хоол, унд шиг мөнхийн хэрэгцээ болно. Амттай ном оюунд шим тэжээл өгнө. Бид зөвхөн ном уншуулчихаад яваад өгдөггүй. Би зохиолчийн хувьд эгшиглэнт шүлгээ уншиж, зохиосон үлгэрээ ярьж өгдөг. Тууль хайлах эртний уламжлалын жишээгээр зарим шүлгээ товшуурдан унших нь ч бий. Ганц нэг шүлгэндээ ая зохиож, өөрөө дуулах ч удаа бий. Би хөгжмийн зохиолч, дуучин биш л дээ. Гагцхүү хүүхдийг баясгах л гэж тэр шүү дээ. Өнөөгийн багачууд томчууд бидний буруугаас болж номоос жаахан хөндийрсэн. Ирээдүйн өмнө үйлдсэн нүглээ наманчилж, хүүхдэд ном хэмээх гайхамшигт нөхрийг нь эргүүлэн авчирч өгөхийн төлөө бид тэмцэж явна.

Номоос өөр толгой хөгжүүлж, сэтгэл ариусгах ид шидтэнийг хүн төрлөхтөн бүтээж чадлуу? Толгой хөгжвөл гар хөдөлнө. Гар хөдөлбөл ам хөдөлнө. Хүний дайтай сайхан амьдрах хамгийн дөт замыг хайвал явж явж номтой л холбогдоно. Нүүдлийн номын сан “Баяртай” гээд хот айлаас хөдлөх болгонд “Дахин ирээрэй, Дондог ах аа!” гэсэн үг сонсдож, номын ертөнцөөс салж ядан буй төрх хүүхдүүдийн нүдэн дээр илхэн бичээстэй үлддэг. Тэд ном хэмээх сайн нөхрөө хүсэн хүлээж байгаа нь сэтгэлийг минь амрааж итгэлийг минь бадраадаг. Хүүхэд ном хоёр хаа ч хамт хөтлөлцөн явах гэрэлт цаг ирж байх шиг байна. Урай! Олон жил бороонд нүдүүлж, жаварт хайруулан ном тээж явсны маань хэрэг гарах нь дээ. За, яамай! Надад өөр юу ч хэрэггүй. Ирээдүйг гагцхүү сайн ном л аварна. Ном, ном, ном. . .

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:26 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


юуны өмнө нэг содон "хүүхдийн" блог нээгдэж байгаад баяртай байна.
Залуусаа дүү нартаа ном бэлэглэж байхыг хүсье.
Бичсэн: dadido цаг: 01:06, 2010-03-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax