2010-07-21
Би

 

Би

Хоёр гартай

Хоёр гартаа

Дэндүү бяртай

Ачааны тэргийг ганц гараараа

Агшин зуур өргөж орхино.

Хот сууринг хоёр гараараа

Хоромхон зуур барьж чадна

Энэ –

Хэний гар вэ?

Миний л гар даа!

Би –

Хоёр хөлтэй

Хоёр хөлдөө

Хурд ихтэй

Саахалтын өвөө бие муудав

Сандран гүйсээр эмч дуудав

Амжиж хурдан гүйсний хүчинд

Азай буурал өвөө эдгэрэв

Энэ –

Хэний хөл вэ?

Миний л хөл дөө!

Би –

Хоёр нүдтэй

Хараа сайтай

Хоёр нүдтэй

Тэртээх барааг айлын өвөөд

Тэрхэн дор нь ялгаад хэлнэ

Тэвнийг эмээд, зүүг эгчид

Түргэн дор нь сүвлээд өгнө

Энэ –

Хэний нүд вэ?

Миний л нүд дээ!

Би –

Хоёр чихтэй

Сонор сайтай

Хоёр чихтэй

Айлчин шувууны шуугиа уяхан

Анхны борооны шаагиа гоёхон

Шилийн тарианы шивнээ сонихон

Шинэхэн цасны чахрхаа содхон

Энэ –

Хэний чих вэ?

Миний л чих дээ!

Би –

Ганц амтай

Ярих дуртай

Ганц амтай

Аав ээж юу л гэвэл За! гэнэ

Аяга таваг угаа гэвэл За! гэнэ

Ажилдаа явбал баяртай гэнэ

Энэ –

Хэний ам бэ?

Миний л ам даа!

Би –

Ганц хамартай

Үнэрт соргог

Ганц хамартай

Талын чимэг өнгийн цэцгийн

Тансаг сайхан үнэрт дуртай

Дарь хүхэр хар утааны

Давчдам муухай үнэрт дургүй

Энэ –

Хэний хамар вэ?

Миний л хамар даа!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:57 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ямар хөөрхөн шүлэг вэ... алга ташилт
Бичсэн: luna цаг: 19:44, 2010-07-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax