2010-7-18
Уран жиргээ

 

Сүүдэр цармын бялзуухай

Шүлэг нойроос сэрүүтээ

Найлзуур мөчирт эгнээд

Найрал дуугаа эхлэв ээ

          Үүрийн шаргал туяа

          Уран жиргээнд уяраад

          Үүлэн хөшгөө сөхсөөр

          Яаран яаран цайв аа!

Намуун талын шувуухай

Наран сацраг сандайлаад

Уянгын сайхан шүлгээ

Урсган хайлаад гарав аа

          Ботгон цагаан үүлс

          Уран жиргээнд уяраад

          Болор мөнгөн нулимсаа

          Хаялан хаялан цацлав аа!

Төглийн алтан гургалдай

Горхийн аялгуунд хоршоод

Түмэн шувуун дундаас

Гоцлол дуугаа өргөв өө

          Уулын ганган цэцэгс

          Уран жиргээнд уяраад

          Ганган дэлбээ дэлгэсээр

          Газар дэлхийг баясгав аа!

аяыг Л.Галмандах

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 02:31 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant