2011-11-29
Хүүхдийн зохиолч ээж охин хоёр

 

Бат-Эрдэнийн Ганпүрэв гэдэг сэрмэлзсэн нэг жаалхүү цэцэрлэгийн балчир наснаасаа дунд сургууль төгсөн төгстөлөө “Уран жиргээ” тэмцээний тайзнаас салаагүй. Шүлэг урнаар унших эрдэмд гарамгай байлаа. Харамсалтай нь нэг ч удаа түрүүлээгүй. Би “Уран жиргээ”-г санаачилсан хүний хувьд, шүүгчийн хувьд хэчнээн дэмжээд ч бусад шүүгчид нөлөөлж чадаагүй. Эцэг, эхчүүд шүүгчээр сууна гэдгийг мэдчихээд “Манай охин үсэндээ ягаан туузтай шүү, анхаараарай энээ тэрээ болдог. За тэр яахав, дүү нь гэж нэг жаахан охин “Хөлөндөө өндөгтөй унага” гэдэг хөөрхөн ном гаргав. Дотор нь миний тухай шүлэг ч байх шиг. Шүлэг бичихээс гадна англи хэлний дугуйланд явна.

Бас Хүүхдийн ордны үндэсний хөгжмийн дугуйланд явж, шудрага хөгжмөөр улсын тэмцээнд хүртэл өрсөлдөж байлаа. Юм юм руу савчвал хоосон хоцордог гэх хүмүүс ч бий. Би түүнд итгэдэггүй. Юм юм руу савчина гэдэг өөрийгөө нээх эрлийн замд гарсны тэмдэг. Эрэлд яваа хүн улам л хөгжөөд байдаг. Тэр охин нэг зун Булган аймгийн Орхон суманд амрахдаа олон сонин зүйл олж харжээ. Түүнээсээ санаа авсан юм уу, эсвэл өмнө бодож явсан зүйл нь тэнд тэсэрч гарсан юм уу, бүү мэд, баахан өгүүллэг бичжээ. “Тэнэг Тэнгээ” гэсэн өгүүллэг нь үгийн уран дархан С.Эрдэнийн бүтээлээс нэг их дутах юмгүй ч юм шиг. Тэр үед би “Жийв жийв” хувийн сонин гаргаж байлаа. Сурагч Б.Ганчимэгийн өгүүллэгүүд манай сонины булан зайг эзлэх болов. Тэгж байтал түүний ээж Ц.Энхтүвшин хүүхдийн зохиолын замд нийлж, оройхон гараад ширүүхэн дарах гэгч болов.

Хүүхдэд зориулсан хэд хэдэн ном гаргасан байх. “Улаан малгайт болон бусад өгүүллэгүүд”, “Ардарнаахын нууц” энэ тэр гээд л. Надад “Бижүүхэй Зүүрмэгхэн хоёр” хэмээх уран зөгнөлт бэсрэг тууж нь тун дажгүй санагдлаа. Энхтүвшингийн эцэг нь “Таксийн цоохор” дуугаараа Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ЦэндАюуш хэмээх эрхэм байлаа. Авьяастны удам судар тасарсангүй. Уянгат дууны ая дан уран үгийн дүрслэлээр энэ хэр үргэлжлэн авай. Тийнхүү ээж охин хоёр Монголын хүүхдийн утга зохиолын залуу халаа болон орж ирж байна. Ээжийнх нь хувьд насаар бус эхлэн бичигчээр орж ирж буй тухайд нь хэлж байгаа юм. Хэн ч билээ нэг хүний “Гагцхүү эх хүн л хүүхдийн зохиолыг хамгийн сайн бичдэг юм” гэсэн үг санаанаас гардаггүй. Эх охин хоёр бүр ч сайн бичих нь мэдээж. Эх хүн хүүхдийг бүхнээс илүү хайрлаж чадна. Гагцхүү хүүхдэд хайртай хүний сэтэлээс л жинхэнэ хүүхдийн зохиол төрдөг.

Жамбын Дашдондог

 

 

Б.Ганчимэг

Хөл тавих зайгүй

Дүүрэн зорчигч суулгасан

Хөх цэнхэр автобус

Хүнгэнэн дуугарч давхина

Нэгдүгээр ангийн сурагчид

Эхний эгнээнд суужээ

Хоёр гуравдугаар ангийнхан

Хойно хойноосоо дараалжээ.

Дунд ангийн сурагчид

Дундуур хавьцаа тухалжээ

Арын хэдэн суудал

Ахлах ангийнханд оногджээ.

Алгын чинээ мэлхийнээс

Атан тэмээ, анааш хүртэл

Суугаагүй амьтад бараг л алга.

Сургууль даяараа багтсан байна.

Бэлтгэл ангийн хэрэмнүүдийг

Бодон гахайнууд тэвэрцгээжээ.

Хойгуур тухлах үнэгний

Хормой дор нь хулганууд байна.

Завсар зайг ашиглая гэх шиг

Зараа ч бөөдийтэйгөө хоргоджээ.

Арслан, бар, ирвэс гурав

Арваад тахиаг тэвэрчээ.

Усан гахайнууд унтаагаараа

Баавгайн өвөр дээр эрхлэн байна

Долоо найман сармагчин

Дээврийн хөндлөөс зүүгджээ

Хөх ишиг хургатай хамт

Хөндий олоод тухалжээ.

-Орох зайгүй боллоо гэж

Орилж загнадаггүй жолоочтой

-Чи мөнгөө төлсөнгүй гэж

Чимхэж зоддоггүй кондуктортой

Сургуульдаа яарсан амьтдыг

Саадгүй тухтай хүргэдэг

Сурагчдын суусан автобус

Сунаж тэлдэг бололтой.

-Унааны мөнгөгүй яана даа гэж

Айж эмээхийн зовлонгүй

Урд хаалгаар зүтгэнэ гэж

Арга хайхын тачлангүй

Мөнгө хураагч үнэгнээс

Бултана гэхийн түгшүүргүй

“Дөнгө зүүсэн” мэт явдаггүй

Жолооч чононд гомдолгүй

Удсаар хоцорсоор очоод

Ухна багшид загнуулахгүй

Даарч хөрсөөр улайж

Баяны гаварт шоолуулахгүй

Сургуульдаа хүрэхээс өмнөх

Мянган зовлонг үүрэлгүй

Сурагчдын автобусанд суугаад

Магнай тэнийн баярлах

Ойн хэдэн амьтад

Онцын азтай хүүхдүүд

Өөрсдийн энэ автобусаа

Өргөөшөө ч уртаашаа ч

Тэлдэг л гэж боддог

Тэгэхээс аргагүй санагддаг.

Эрдэмд шамдсан хүүхдүүдийг

Эрхэмлэж хүндэлдэг жолоочтой

Ирээдүй болсон багачуулыг

Инээж тосдог кондуктортой

Сурагчдын энэ автобус

Сунадаг юмаа, сунадаг юм.

 

 

ХӨЛӨНДӨӨ ӨНДӨГТЭЙ УНАГА

Саяхан төрсөн унага минь

Содон гэгч тэмдэгтэй.

Баруун, зүүн гуян дээрээ

Бөөрөнхий цагаан толботой

-Энэ юу вэ, өвөө? гэж

Энхрий дүүг минь асуухад

-Өндөг гэж хариулаад

Өвөө нүдээ ирмэв.

Учрыг мэдэхгүй дүү минь

“Унага минь хөлөндөө өндөгтэй” гэж

Цэцэрлэгийн бяцхан найзууддаа

Сонин болгож гайхуулав.

 

ОЙМС ИДДЭГ ХУЛГАНА

Өглөө босоод өмсөх гэтэл

Өрөөсөн оймсоо хайгаад олсонгүй

Тарган хулгана гэнэт гүйлээ

Тавьсан оймсыг минь идчихээгүй байгаа даа

 

БАЛЛУУР

Баахан буруу биччихээд

Бамбагар цагаан баллуураар

Баруун зүүнгүй үрчихээр

Байхгүй болчихдог нь гайхмаар

Дэмий баахан эрээччихээд

Түнтгэр цагаан баллуураар

Дээш доош нь үрчихээр

Түргэн арилчихдаг нь гайхмаар

Будлиу нэгийг залах гэж

Буруу заримыг нь засах гэж

Бурхан багш ч юм уу хэн нэг нь

Баллуур гэдэг шидтэнг бүтээжээ.

 

НҮҮДЭЛ

Ц.Энхтүвшин

Жирийтэл хөврөх тэмээн жингийн цуваа Уул Алтайдыг зүглэнэ. Нүүдлийн эхэнд ах маань, харин адагт нь аав явна. Дүү бид хоёрыг суулгасан арагтай тэмээ цувааны дунд хэрд алхална. Жин жан хийн дуугарах хонхны чимээ ачаатай тэмээд амгалан хөвөрч буйн дохио. Гэр, тулгатай ачаа тэгнэсэн номхон бор тэмээг хөтөлсөөр ээж холгүйхэн харагдана. Жилд хоёронтоо нүүх энэ нүүдэлд том жижиггүй л бид дасаж дээ. Гэсэн ч өчигдөр үүрээр хөдөлсөн энэ нүүдэл өнөөдөртөө багтаж зорьсон газраа хүрэх тул аав, ээж, ах бүгд л аяншжээ. Ээжийн эрүүвчилсэн цоохор даавуун алчуурын сэжүүрээр хэдэн саарал үс цухуйна. Аавын минь хэдэн ооч сөрвийн ургажээ. Арга ч үгүй дээ.

Алтайдаа яарсан аав минь сүүлийн хэд хоног сахлаа зулгаах манатай гэрт гадаахаа бөөгнүүлэн, унаа тат лагаа бэлтгэн нүүдэлд зэхсэн. Өмнө нь бид энэ замаар өвөөтэйгээ, эмээтэйгээ явдагсан. Өнөөдөр харин тэд маань алга. Өнгөрсөн нүүдлээс хойших ахархан хугацаад тэд маань бурхны хутгийг олсон хэмээн өчигдөр аав хэлэхдээ санаа алдаж билээ. “Бид чинь байнга л нүүж, нүүх бүрийдээ ямар нэгэн зүйлээ гээсээр явах юм даа” хэмээн ээжийнхээ хэлснийг бүрэн ухаараагүй ч нүүдэл хөдлөх үед өвөө, эмээг минь онголсон Хөх бүрдийн намаржаандаа хачин ихээр сэтгэл хоргодож билээ. Тэнтэр тунтар алхах тэмээний явдалд тэнгийн цаадах араг дотор зүүрмэглэх дүүгээ харахаар өндөлзтөл ард явсан аав аль эрт харчихаад аяар аяархан хоолой засаж чимээ өгөв. Хашгичиж орилолгүй хоолой засах төдийхнөөр өгсөн аавынхаа харцнаас чухам юу гэж буйг ойлгов. Алтай давах хавцлын ирмэгээр явахад аюултайг би бүр жаахнаасаа л мэднэ.

Ачаатай тэмээ тушаахыг үгүй гэх аргагүй. Ганц би ч биш Алтайн үр сад бүгд л мэднэ дээ. Гэхдээ тэмээ гэдэг ухаантай амытан. Хавцал өнгөрч хясааны ар өөд гарахаас нааш илүү дутуу ямар ч араншин гаргахгүй. “Алтай давах энэ нарийхан жимээр гарах бүрдээ мэддэг хамаг л тарниа уншдаг” хэмээн аав минь Догсом гуайд хэлж байхыг нь сонссонсон. Элдэв маани хэлж, түгшин түгшин энэ нарийхан хавцлын ирмэгээр ачаа хөсөг хөврүүлэн нааш цааш явахын хэрэг юу байдаг юм бол доо хэмээн би заримдаа боддог. Бодох ч биш бүр нэг удаа ааваасаа асууж билээ. Аав харин юу гэж хариулсан гээч. “Нүүдэл үү? Энэ чинь амьдрал шүү дээ” гэж билээ. Амьдрал гэдгийг би нарийн сайн ухаараагүй ч өвгөдөө үдэж, өндөр уул өөд нүүх нь амьдрал юм байна гэж балчирхан ухаандаа маш томоор ойлгож билээ.




Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:18 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


sain bain uu dashdondog ah aa tand ervvl biy saruul uhaanig hvsen erooe
Бичсэн: monhzul (зочин) цаг: 18:55, 2014-10-27 | Холбоос | |


bayrlalaa Dondog ah aa.Tand az jargal uran buteeliin undor amjiltiig husen eruue.Dandaa uram hairladagt tani urgelj talarhdag shuu.
Бичсэн: zavgui eej (зочин) цаг: 12:33, 2013-11-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax