2011-09-20
Биелгээ

Би

Биелнэ

Бид

Биелнэ

 

Үүр цайхаас эхлээд

Үдэш болтол биелнэ

Үнээ саахаас эхлээд

Одод түгтэл биелнэ.

 

Урсгал мөнгөн горхины

Уянга эгшгээр биелнэ

Аясын цагаан салхины

Айзам эгшгээр биелнэ

 

Азай буурал биелнэ

Арьс элдэн биелнэ

Дэжээ эмээ биелнэ

Дээс томон биелнэ

 

Ард талд нь биелнэ

Айраг бүлэн биелнэ

Урд талд нь биелнэ

Утас ээрэн биелнэ

 

Суугаа хүн биелнэ

Сур нухан биелнэ

Босоо хүн биелнэ

Богц тохон биелнэ

 

Удамт малчин биелнэ

Уурга сунган биелнэ

Уран бүсгүй биелнэ

Угалз шаглан биелнэ

 

Айлын үүдэнд биелнэ

Аарц шүүж л биелнэ

Аараг толгойд биелнэ

Аргал түүж л биелнэ

 

Хамт олноор биелнэ

Хашаа барьж биелнэ

Өнөр олноор биелнэ

Өвсөө хадаж биелнэ

 

Би

Биелнэ

Бид

Биелнэ

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:11 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax