2010-10-21
Би хүүхэд гэдэг бурхан шүтдэг

 

Өнгөрсөн нийгэмд хүүхдийн хүмүүжил бүх нийтийн үйлс гэсэн уриан дор төрөл бүрийн ажил зохиогддог байлаа. Үр дүнг нь юугаар хэмждэг байв? Төрөн гарсан алдар гавъяатнаар нь хэмждэг байлаа. Гэтэл дийлэнхи хүүхдүүд нь яаж хүмүүжсэнийг юугаар хэмжих вэ? Харин нэг намын тогтолцооны үед үйл хэрэгийнх нь төлөө хэзээд бэлхэн гэсэн тангарагтай хүүхдүүд үзэл санаанд нь үнэнчээр хүмүүжиж байсан нь нийтлэг үзэгдэл байв. Одоо бол хүүхдийг хөгжүүлнэ гэж дээр дооргүй ярилцах болж. Уул асуудлыг хариуцсан газар нь бодлого боловсруулаад завгүй. Том бодлого нь бага хүмүүст хэрхэн хүрч нөлөөлж, хөгжүүлж бусдыг юугаар нь хэмжих вэ?

Манайхан судалгааны дүнд найдвар тавьдаг боловч тэр нь бодит байдлаас нэлээд хазайж гардаг. Бид их мөнгө зарж элдэв ажил зохион явуулаад түүний үр дүнд хүүхэд хүмүүжиж байна гэж итгэж явдаг.Гэтэл хүүхэд хорвоод анх мэндлэхдээ л зөв хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй ирдэг. Тэрхүү гэгээнтний суут чанар нь зургаа, долоон нас хүртэл үргэлжилдэг бололтой. Түүнээс цааш томчууд бид сайн муу тал руу нь эвдэж эхэлдэг. Би “Аав, ээж, би” номоороо зургаа, долоотой хүүхдийн суут чанарыг батлах оролдлого хийсэн юм. Номын зургийг миний дүү Цолмонбаатар зургаа, долоотойдоо зурсан. Би зургийн хэлийг нь үгийн урлагаар баяжуулж ном болгосон. Өөрийгөө зурсан зургуудад нь “Би” гэдэг шүлэг бичлээ. Тэр баруун гартаа зургаа зүүн гартаа дөрвөн хуруу зуржээ. Яагаад гэтэл баруун гар зурдаг бичдэг маш их ажилтай, зүүн гар бага ажилтай учраас тэр гэнэ. Нэг чих нь жижиг, нөгөө нь том байгааг “Үглээ сонсохооор чих багасаад Үлгэр сонсохоор чих томроод байна” гэж тайлбарлана. Хүүхэд үглээнд дургүй үлгэрт дуртай байх нь. Энд хүүхдийн суут чанар харагдаж байгаа юм. Тэгэхээр бид энэ тал руу чиглүүлж хүүхдээ хүмүүжүүлэх нь байна шүү дээ. Би нэг хэсэг дүүдээ аягаа угаа, гутлаа арчиж бай гээд л их үглэдэг байж л дээ. Тэгээд нэг өдөр би чамд ингээд үглээд байх уу, нэг алгадчих уу гэсэн чинь “ах минь, нэг алгадсан нь дээр” гэж хэлсэн. Тэр өөрийгөө 4 хөлтэй зурчихсан байсан. Чи яагаад дөрвөн хөлтэй зурж байаа юм бэ гэсэн чинь “шувууны бага нь жиргэдэг, хүний бага нь явдаг” гээд л намайг гүйлгээд байх юм, миний хоёр хөл хаанаа ч хүрэхгүй байна, би дөрвөн хөлтэй бол хорвоог тойроод гүйчихмээр байна гэсэн. Өөрийнхөө толгойг том, биеийг жижиг зурчихаж. Яагаад ингэж зурсан бэ гэхээр “толгойд бодол багтахгүй байхад том зурахаас өөр аргагүй” гэж байгаа юм. Энэ бол хүүхдийн суут чанар.

          Миний гурван ном Японд хэвлэгдсэн. Гурав дахь номын нээлт Япон-Монголын соёлын төв дээр болсон юм. Төвийн дарга үг хэлээд, их гоё нээлт болсон. Тэнд дандаа нэгдүгээр ангийн зургаан настай хүүхдүүд ирсэн байсан. Тэднийг хараад арай жаахан томхон хүүхдүүд ирүүлэхгүй яав даа, үг хэлээ ойлголцоход амар гэсэн бодол төрж байлаа. Тэгээд би нэг шүлэг уншлаа. Тэгтэл нэг хүүхэд гараа өргөөд, та ямар Бурхан шүтдэг вэ гэж асуусан. Жаахан юм байж юун сүрхий шүтээн мүтээний тухай асуудаг юм гэж бодонгоо “Би хүүхэд гэдэг Бурханыг шүтдэг” гэж хариуллаа. Бас нэг хүүхэд гараа өргөөд “Та яагаад хүүхдийг шүтдэг юм бэ?” гэж асуусан. Зургаан настай хүүхдүүд гээд голж байсан чинь айхтар асуулт тавьсан шүү. Тэгээд би “энэ ертөнцөд та нараас өөр ийм цагаан сэтгэлтэй хүнийг үзсэнгүй. Та нар бол жинхэнэ Бурханлаг чанараар ертөнцөд ирсэн юм аа” гэж хариулсан чинь алга ташцгаасан. Энэ бүхнээс үзэхэд хүүхэд гэдэг чинь суут хүмүүс байдаг юм байна гэдгийг тод харж болно. Монгол ухаанаар хүүхдийг залуурдана гэдэг бол Монголын өвөрмөц чанар зан заншил, уламжлалыг л таниулна гэсэн үг гэж ойлгож байна. Хүүхэддээ хандахдаа өөрийн орны өвөрмөц чанар дээрээ түшиглэж байвал өгөөжтэй юм уу гэж би бодож байна. Хүүхдийн ухааныг тэлэхэд ном хүчтэй нөлөөлдөг. Одоохондоо хүн төрөлхтөн оюун сэтгэлгээнд номноос илүү хүчтэй нөлөөлөх зүйл олоогүй байна. Учир нь ном хүнийг уйлуулж, инээлгэж, бахархах сэтгэл төрүүлж байна.

Би Булган аймгийн хүн. Аймгийн төвд манай гэр хамгийн доод захад, харин сургууль хамгийн дээд захад байдаг болохоор бараг нэг цаг алхаж хүрдэг, автобус ч гэж байгаагүй. Тэр үед мөнгө төгрөг муутай байсан ч замд байдаг номын дэлгүүрээр байнга ордог, ном авч уншихсан гэж их боддог байсан. Нэг өдөр манайд аавын дүү Галсанжамц гэдэг хүн ирээд хуруу зүсэм аравтын улаан дэвсгэрт өгөөд, “За, ах нь чихэр ч авчирсангүй, миний дүү ном авч уншаарай” гэсэн. Тэгээд маргааш нь нөгөө хорхой хөдлөөд байсан номоо худалдаж аваад сургууль хүртлээ уншаад дуусгалаа. Ангийнхаа хүүхдүүдэд энэ гоё ном байна гэсэн чинь манай ангийнхан надаас тэр номыг худалдаж авлаа, би ном зарсан мөнгөөрөө дахин шинэ ном худалдан авч уншаад л бүтэн жилийн турш тийм маягаар номын мухлагийн бүх номыг авч уншсан. Ердөө л аравхан төгрөгөөр шүү дээ.Тэр надад маш хүчтэй нөлөөлсөн. Хүүхэд байхдаа ямар талх идэж байснаа санадаггүй, харин ямар ном уншиж байснаа би мартдаггүй. Ном гэдэг бол миний сэтгэлд мөнх үлдсэн, баатрууд нь амьд үлдсэн байдаг.

Ном бол хүний амьдралд хамгийн хүчтэй нөлөөлдөг учраас би хүүхдийн зохиол бичих болсон. Ертөнцөд маш олон ном байна. Сайн номыг л олж унших хэрэгтэй, мөн хүүхэддээ ч сайн ном авч өгч уншуулж байх хэрэгтэй. Дэлгүүрт ороод харж байгаад гоё зурагтай ном байхаар л аваад өгчихдөг. Хэрэв муу ном авч өгвөл хүүхдээ буруу замаар оруулах анхны үүдийг нээж өгнө, дахиад тэр хүүхэд хэзээ ч ном сонирхдоггүй болно. Ном хүүхдэд гурван агуу нөлөө үзүүлдэг.

Нэгдүгээрт сайн ном сэтгэлгээг нь өндөр түвшинд хөгжүүлнэ. Өндөр хөгжилтэй орны номыг хүүхдэд уншуулбал хүүхэд өөр өөрийнхөөрөө ойлгоно. Харин манай хуучин зохиолыг олон хүүхдэд уншуулахад цөм л нэг юм ойлгоно. Хурганы тухай зохиол уншуулахад цөм л хурганы тухай зохиол байна гэж ойлгоно. “Бяцхан хун тайж” гээд Францын Антуан Де Сент Экзюперийн зохиолыг бол өөр өөрийнхөөрөө ойлгоно. Өөрийнхөөрөө гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр өөр хэнээс ч хараат биш, өөрийн бодолтой, өөрийн сэтгэлгээтэй, өөрийн үзэлтэй тийм бие хүн болж төлөвшинө гэсэн үг. Намайг дуурайх хэрэггүй, тэгвэл миний нэг өчүүхэн хувилбар болоод л дуусна. Тийм учраас чи өөрийгөө дуурайх хэрэгтэй, өөрөө чи өвөрмөц хүн болж гарч ирэх хэрэгтэй. Үүнд сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн ном нөлөөлнө.

Германы алдартай зохиолч Михаил Эндегийн “Төгсгөлгүй түүх” гэж дэлхийн 36 оронд орчуулагдсан зохиол байна. Астрид Линдгренийн “Дээрэмчний охин Рони” гэх мэтчилэн сэтгэлгээний сайн зохиолууд байна. Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлж, өөрийгөө олсон өвөрмөц хүн болоход манай боловсролын салбарынхан их анхаарах хэрэгтэй. Манайх социализмын замналаар олон жил явсан болохоор бүх нийтээрээ адил тэгш байх, бүх нийтийн соёлыг дагах гэсэн хэвшил суусан. Ер нь л бүгд адилхан ойлгох ёстой, багшаас жаахан зөрүүлээд хэлэх юм бол болохгүй ийм л нийгмийн бүтээгдэхүүн байсан. Одоо ардчиллын хүчээр сэрлээ, ухаарлаа, өөр сэтгэдэг болж байна. Хүүхдийн зохиолч бид ч гэсэн сэтгэлгээний зохиолыг хөгжүүлэх гээд зүтгэж байна. 1991 онд би “Морьтой үлгэр” гэдэг ном бичсэн. Тэр бол сэтгэлгээний зохиолын бараг эхлэл нь байж мэднэ. Энэ ном маань гүн ухааны сэтгэлгээгээр бичигдсэн болохоор манайд нэг сайн ойлгодоггүй. Хуучин хэвшмэл сэтгэлгээ тогтчихсон учраас тэр. Гэтэл энэ номыг Солонгосын хэвлэлийн газраас зорьж хүн ирээд орчуулж гаргасан, Япон, Хятад хэл дээр хэвлээд, одоо Араб хэл дээр хэвлэж байна. Учир нь гүн ухааны сэтгэлгээний ном учир өндөр хөгжилтэй орны хүүхдийн сэтгэлгээнд нь их таарч байгаа юм шиг байна. Иймэрхүү номыг манайд одоогоор нэг их сонирхохгүй боловч удахгүй хүүхдүүд маань сэтгэлгээний зохиолын эрэлд гарах цаг ирнэ. Хүүхдийн сэтгэлгээг өвөрмөц болгож хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх ч номнууд манайд хэрэгтэй байгаа юм.

Хоёрдугаарт, сайн ном хүнийг сайхан сэтгэлтэй болгоно. Ном хүнийг уйлуулж, инээлгэж байж дотоод сэтгэлийг нь нээж, хүнд хандах хандлагыг зөв чиглүүлж, сайн энергийг өгнө. Миний “Чулуун домог” гээд номыг Америкийн тэргүүн хатагтай Лора Буш уншаад “Таны агуу сайхан энэрэнгүй сэтгэлийг би бишрэн хүндэтгэж байна” гэсэн захиа надад бичсэн. Энэ бол ямар ч судлаач надад хэлээгүй гайхамшигтай сайхан үг. Яагаад энэ номыг тэгж үнэлэвээ гэхээр хүүхдүүд уншаад их уйлдаг. Энэ номонд өрөвдөлтэй хэдэн амьтны хувь заяа гардаг. Хүнд туслах гээд ирэхэд урьдаас нь буудчихдаг. Ер нь амьтан, хүн хоёр огтоос хэлээ ойлголцдоггүй шүү дээ. Амьтны хэлний толь бичиг гэж гараагүй учраас хүн, амьтны хэлийг нь мэдэхгүй, шаазгай шагшираад байна, хэрээ гуагалаад байна, юу хэлээд байгааг нь мэдэхгүй. Харин энэ номонд амьтныг ойлгосон талаар гардгийг уншаад хүүхдүүд уйлдаг. Ситон Томпсоны үлгэрүүд, Австрийн Феликс Зальтены “Бемби” гөрөөсний түүх гээд номнууд нь энэрэнгүй сэтгэлтэй байх, амьтан болоод бүхий л зүйлийг хайрлах сэтгэлийг суулгахад хүүхдэд нөлөөлдөг сайхан номнууд байна.

Гуравдугаарт, хэлний баялгийг нэмэгдүүлнэ. Ялангуяа, их зохиолч Д.Нацагдорж, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гуайн зохиолуудыг уншихад ямар их сайхан ардын хэлний баялгийг сурна гээч. Б.Ренчин гуайн зохиолыг уншихаар маш сайхан баялаг үгтэй болно. Д.Нацагдоржийн зохиолыг уншихад яруу тунгалаг найрал хөгжим сонсож буй мэт сэтгэл ариусаад ирдэг. Тэгэхээр манай хүүхдүүд сайхан найруулгатай зохиол унших хэрэгтэй. Нэг шүүмжлэгч хурал дээр хэлж байна лээ. Нэгэн том төсөлд шалгарсан зохиолыг үзсэн чинь юу гэж байна гээч, булидозороор түрж, самосвалаар зөөж каранаар өргөнө гэсэн байна гэнэ. Энэ бол хүүхдийн хэлийг маш их эвдэж байгаа. Аль болохоор л монгол хэл дээрээ орчуулж, монгол сэтгэлгээндээ буулгаж гаргах учиртай. Дээр хэлсэнчлэн хүүхэд гэдэг тэртэй тэргүй сайхан сэтгэлтэй ариун цагаан амьтан энэ дэлхийд ирж байна,түүн дээр сайн ном нөлөөлбөл, сайн номтой золгуулчих юм бол хүмүүжүүлийнх 70%-ийг хийлээ гэж бодож болно. 30%-ийг эцэг эх, багш нар хийнэ. Аав, ээж минь надад хэлдэг, бид чамайг хүмүүжүүлээгүй бид малчин улс хүүхэд хүмүүжүүлэх арга ухааныг ч мэдэхгүй, чи өөрөө өөрийгөө хүмүүжүүлсэн байх гэж. Ахынхаа өгсөн 10 төгрөгөөр авсан ном л намайг хүмүүжүүлсэн.

Ном гэдэг ямар чухал нөлөөтэй болох нь ойлгомжтой. Манай боловсролын яам сурах бичиг дээр жаахан анхаармаар юм шиг санагддаг. Сурах бичигт орсон зохиолууд жаахан хуучирчихсан байгаа. Социализмын үеийн зохиолуудыг унших бичигт хийгээд байна, түүний оронд гүн ухаан сэтгэлгээний зохиолыг оруулах хэрэгтэй болов уу. Сэтгэлгээний зохиол уншсанаар бусдаас хараат биш, өөрийн бодолтой хүн болно гэдэг чинь эх орноо хөгжүүлэх маш хүчтэй бие хүн гарч ирнэ гэсэн үг. Өөрийн бодолтой хүнийг хүчтэй бие хүн гэдэг. “Тэмээний зураг” гээд миний нэг зохиол байдаг. Энэ зохиолд нэг хүүхэд тэмээ зурах гэтэл “наадах чинь биш байна, тэмээ мэддэг малчин хүнээс зөвөлгөө ав” гэжээ. Очоод үзүүлсэн чинь бөх нь өндөр байна гэхээр бөхийг нь хасаад хаячихсан, хүзүү нь өндөр байна гэсэн хүзүүг нь хасаад хаячихсан, эцэст нь хөл нь урт байна гээд хөлийг нь хасчихаад ахдаа үзүүлсэн чинь “хувирсаар хувирсаар тэмээ чинь хулгана болчихлоо гэж үү? Шүлгийн гол баатар жаал хүү Олон хүний зөвөлгөө хүчтэйг Одоо л ойлгож авлаа Худлаа гэвэл атан тэмээг Хулгана болгочихдог байна шүү! гэж гайхан хэлж байдаг. Энэ юуг хэлж байна вэ? Хүн өөрийн бодолтой байхгүй бусдыг дагаж холбироод байх юм бол юу ч болдоггүйг л хэлж байна. Тэгэхээр хүүхдүүд хар багаасаа л өөрийн гэсэн өвөрмөц бодолтой болохыг хичээвэл зохино. Тийм бодолтой болоход гүн ухаан, сэтгэлгээний сайн номнууд лавтайяа тусална.

“Монгол тэмүүлэл – Сайхан Монгол орон” ТББ-аас зохион байгуулсан “Монгол ухаанаар хөгжихүй” цуврал лекц

Оюуны Эрэл” оюутны холбооны гишүүд оролцов. 2009.08.25 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:07 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


хүүхдийн сэтгэхүйгээр ертөнцийг харж бичнэ гэдэг тухайн хүнээс мэдрэмжээс гадна сэтгэлгээний цар хэмжээг шаарддаг юм билээ. Танд уран бүтээлийн амжилт хүсье. миний блогоор айлчилж сэтгэлээс гарсан бичиглэлүүдийг минь уншаад зөвлөгөө шүүмж өгвөл баярлана
Бичсэн: Цагаан хараацай цаг: 18:55, 2010-11-19 | Холбоос | |


өмнө үед сайн уншдаг гэдэг нь юу л бол, одоо уншихаа больсон гэвэл өрөөсгөл зүйл гэж бодожийн айхтар хүүхдүүд н.сангаар л явжээдаг шд...харин зарим нэгэн киног нь үзсэн гэдэг л дээ. Миний мэдэхээр хүүхдүүдэд зоруиулсан парисын дарь эхийн сүм хүүхэлдэйнээсээ нилэээн өөр, жонон гуйлгачин кинотайгаа ойр гэхдээ үйл явдал нь дутуу байдаг тэ? тэгэхээр зохиол нь дээр.
Бичсэн: upshot_gp цаг: 21:11, 2010-10-21 | Холбоос | |


Ном хүний оюуны хөгжилд маш чухал ач холбогдолтой гэдгийг олон хүмүүс хэлж, олон эрдэмтэд ч батласан. Тэгсэн атал одооны хүүхдүүд ном унших нь ховордсоор л байна. Нэг сайхан ном бэлэглэсэн ч " Би киног нь үзчихсэн" гэх юм. Киноноос үзвэл зөвхөн найруулагчийн төсөөллийг л тархиндаа хүлээж авна. Харин номноос уншвал тэр дүрслэлийг өөрөө тархиндаа бүтээнэ. Энэ том ялгааг л сайн ойлгуулах хэрэгтэй байна даа.
Бичсэн: StarLight цаг: 21:05, 2010-10-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax