2010-10-10
Монголын хүүхэд багачууд сэтгэлгээний яруу найргийг хүлээн авч чадахгүй байгаа нь харамсалтай

Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн уран бүтээлээр нь манай уншигчид сайн мэднэ. Харин түүнийг шаггүй орчуулагч гэдгийг нь мэдэхгүй ч байж болох юм. Тиймээс бид энэ удаагийнхаа ” Ярилцах цаг” булангаараа түүнтэй уулзаж яруу найргаар дамжуулан монголын хүүхдийн багачуудыг дэлхийд хэрхэн танилцуулж буй тухай нь цөөн хором хөөрөлдлөө.

-Таны уран бүтээлийн нэлээд хэсгийг орчуулгын зохиолууд эзэлсэн байх юм. Хэдий хэлээр, хэр олон зохиол бүтээл орчуулснаа тооцож үзэв үү?
-Орчуулгынхаа хажуугаар зохиолоо бичиж байсан юмуу гэмээр ихэнх цагаа түүнд зарцуулжээ. Хүүхдэд зориулсан 35 ном орчуулж гаргасан байна. Түүний дотор дэлхийн хүүхдийн яруу найргийн дөрвөн том түүвэр бий. Тоогоор хэлэх юм бол дэлхийн 60 гаруй орны 250 гаруй зохиолчийн мянгаад шүлэг орчуулжээ.

-Тэгвэл та чинь мянгат орчуулагч юм байна шүү дээ. Энэ чинь яруу найрагт их тоо байна. Тэгэхээр та маш олон хэл мэддэг байх нээ дээ?

-Үгүй дээ. Би олон хэл мэдэхгүй ээ. Харин хүүхдийн яруу найргийн хэлийг бол мэддэг болжээ. Олон хэлээс орчуулах учрал тохиол Мюнхен дахь олон улсын хүүхдийн номын санд гурван сар ажиллахад минь бүрдсэн юм. 1991 нд ардчиллын буянаар үзэл суртлын хүлээснээс тайлагдаж дэлхийн хүүхдийн утга зохиол руу харах цонх нээгдэж билээ. Орон орны шилдэг зохиолтой танилцахад тэдний зохиол бүтээл сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн нь мэдрэгдэж байлаа. Тэнд би зохиол бичихээр очсон боловч түүнээ хойш тавьж, дэлхийн түвшинд шилдэг бүтээлүүдтэй наанадаж хүүхдийн зохиолч нөхдөө, цаандаж ирээдүй үеэ танилцуулья гэж шийдээд, олон улсын номын ангийн жагсаалт гаргаж өгсөн. Тэнд улс улсын хүүхдийн ном хариуцсан мэргэжилтнүүд байдаг юм. Шүлгийн хадмал хамт олонд хандлаа. Тэд нааштай хандаж юуны өмнө орон бүхний шилдэг зохиолчдын нэрсийн орчуулга хийхэд тэд надад тусласан. Тэд надад шүлгийн хадмал орчуулга хийхэд тусласан. Түүнийг монгол шүлэг болгох нь миний үүрэг байлаа. Азаар тус номын сангийн захирал, славяан хэлтний номын мэргэжилтэн зэрэг орос хэлтэй хүмүүс цөөнгүй байсан. Тэд миний орчуулсан шүлгийн санаа нь зөв бууж уу гэдгийг хянан өгч тусалсан.

-Тэр олон шүлгийг нэг хүн орчуулахаар цөм адилхан болчих юм биш үү?
-Улс бүрийн шүлгээс. өвөрмөц дуу аялгуу цуурайтдаг. Түүнийг нь аль болохоор үлдээхийг хичээсэн. Гэвч нэгэнт монгол аялгуунд буулгаж байгаа болохоор монгол эгшиг дуу шингэж л таараа. Гадаадын дууг би өөрийнхөө хоолойгоор дуулж байна л гэсэн үг шүү дээ. Ер нь гадаадын зохиолчдын уран бүтээлийн нэлээд хувь нь орчуулгын зохиол бүтээл байдаг. Тиймээс ч гадаадын зохиолчид орчуулсан шүлгээ өөрийнхөө түүвэрт оруулсан байдаг юм.
-Ер нь хүүхдэд зориулсан яруу найраг орчуулахад амаргүй биз?

-Хүүхдийн яруу найрагт дотоод хөгжим гэж байдаг юм. Түүнийг нь сэтгэл зүрхээрээ мэдэрч зөв олж дуун буулгана гэдэг уран чадвартай холбоотой. Хөгжимлөг шүлгийг орчуулах амаргүй.

-Таны хувьд орчуулгын зарчмийн алийг нь барьдаг вэ? Эх зохиолоо барих уу, эсвэл монгол талаа барих уу?

-Аль нэгийг нь голлон туйлширч болохгүй. Эхийг нь эцээхгүй, туглыг нь тураахгүй юмсан гэж боддог Гэвч тэр бүр бодлоор болохгүй ч байх талтай. Орчуулгын хувьд ямар ч орон өөрийнхөө уншигчдад ойлгомжтой байх талыг л барьдаг. Тэгэхдээ зохиолчийн өвөрмөц сэтгэлгээ гүн ухааныг бодолцох хэрэгтэй. Тухайлбал Ц.Дамдинсүрэн гуайн орчуулсан “Алтан загасны үлгэр”-ийг манай хүүхдүүд ямар их сонирходог билээ. Түүний жишгээр А.С.Пушкины “Мангар Балтын үлгэр”-ийг орчуулах гэж оролдсон. Эх үлгэр нь монгол үлгэр байсан болов уу гэж бодогддог. Харин Америкийн хүн бүрийн сайн мэддэг Доктор Сьюзийн “Малгайтай муур” хэмээх алдарт зохиолыг бол арай өөр аргаар орчуулсан. Энэ бол сэтгэлгээний яруу найраг. Өвөрмөц сэтгэлгээ, динамик хөдөлгөөнийг нь үлдээхгүй бол “Малгайгүй муур” болчих гээд байсан.

-Та мянгаар тоологдох шүлэг орчуулсан байна. Харин таны шүлгийг гадаадын хэр олон хэл дээр орчуулсан бэ?

-Гадаадад миний 14 ном гарсан. Янз бүрийн хэл дээр. Миний “Аав, Ээж, Би” номыг Оросын нэрт хүүхдийн зохиолч Эмма Мошковская хамгийн сайн орчуулсан байдаг. Учир нь бидний шүлгийн хөгжим их төстэй. Би ч түүний шүлгүүдийг орчуулж “Мундаг эрийн унадаг дугуй” гэдэг ном гаргасан. Москвад бид хоёр Оросын хүүхдүүдтэй уулзалт хийж, орчуулсан шүлгүүдээ харилцан уншихад сонсогчид сайн хүлээн авч байсан. Хэлийг нь мэдэхгүй ч шүлгийг нь хөгжмөөр нь ойлгох явдал бий. Гадаадад “Аранзал зээрд” шүлгээ монголоор уншаад, энэ юуны тухай шүлэг вэ? гэхэд хүүхдүүд ярсхийтэл гар өргөөд морины тухай шүлэг гэж олонтаа хэлж байсан.

-Гадаадад орчуулагдсан номуудынхаа орчуулгын чанарын талаар сонирхож байв уу?

-Заримыг нь миний зохиолоос ч илүү сайн болгож орчуулсан юм уу гэлтэй байдаг. “Мазаалай” ном маань Австрит хэвлэгдлээ. Номыг маань хэвлэсэн компани томоохон баяр зохион байгуулж, намайг урьсан юм. Харин орчуулагч нь болох Австрийн нэрт хүүхдийн зохиолч Вольф Харант уг үлгэрийг хүүхдүүдэд ярьж өгтөл тэр том танхим байн байн нирхийтэл инээлдэж байв. Гэтэл миний үлгэрт тийм инээд зүйл байгаагүй. Дараа нь би хүнээр орчуулуулж үзсэн л дээ. Хэлний хувьд гайхалтай сайхан орчуулсан байсан. Ногоон морь ном маань Японд хэвлэгдсэн. Японы хүүхдийн нэрт зохиолч Мацутани Миёоко, Японы хүүхдийн утга зохиол судлаач Хатанака Кейчи нар уг номын тухай шүүмж бичиж үзүүлсэн. Түүнээс үзэхэд сэтгэлгээний үлгэрийг маань япончууд сайн хүлээж авсан бололтой. Энэ бүхэн орчуулагчийн сайнтай холбоотой.

-Дэлхийн хэр олон оронд бяцхан уншигчидтайгаа уулзалт хийж байв?

-Орос, Австри, Япон, Герман зэрэг орнуудад хүүхдийн уулзалт хийж байсан. Хоёр жилийн өмнө Өвөрмонголд миний уран бүтээлийн өдрүүд болж, бараг л бүх нэрт зохиолчид нь хүрэлцэж ирж оролцсон. Өнгөрсөн жил ч мөн адил надад урилга ирүүлж бяцхан уншигчид болон эцэг эхчүүдэд лекц уншуулсан. Иймэрхүү уулзалтыг жил бүр зохион байгуулахаар бид тохиролцоод байгаа.
-Ер монголын уншигч хүүхэд багачуудын сэтгэлгээ дэлхийн хүүхдүүдийн хаахна яваа бол оо?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүд өнөөдөр сэтгэлгээний яруу найраг уншиж оюун билгээ өндөр түвшинд хөгжүүлж байна. Манай хүүхдүүд ч тэр түвшинд ойртох ёстой. Түүний төлөө л би зүтгэж байгаа хэрэг. Гэвч харамсалтай нь сэтгэлгээний шүлгийг манай хүүхдүүд шууд хүлээн авч чадахгүй байна. Хуучин арга барилаас шинэ рүү шилжихэд амаргүй нь мэдээж. Аажим аажмаар дасгах хэрэгтэй мэт. Дэлхийн хүүхдийн шилдэг яруу найргийн “Бэхийн саван дахь илбэчин” номын маань хуудсыг сөхүүтээ л “Наадхыг чинь ойлгох хүн байх юм уу?” гэж асуух хүн олон байсан. Харин би энэ үед “Та ойлгохгүй бол хүүхэд ойлгоно” гэсэн үгээр хариу барьж байлаа. Номын дэлгүүрт тавиад жил болоход ганц ч ширхэг ном зарагдаагүй. “Уран жиргээ” улсын уралдааны болзолд “Бэхийн саван дахь илбэчин” номоосоо оруулахад эцэг эхчүүд надад “Хүүхэд урнаар унших нь байтугай ойлгох ч аргагүй шүлэг орууллаа” гэж бухимдаж байсан. Гэвч хэзээ нэгэн цагт дэлхийн олон арван орны шүлэг орсон энэ номыг маань бяцхан уншигчид эцэг эхчүүд маань эрж хайх болно гэдэг би итгэлтэй явдаг.

-Дэлхийн өнцөг булан бүрт бүтээж туурвиж буй уран бүтээлчид тэр бүр уулзаж учрах боломжгүй учир голдуу захидлаар юм уу эсвэл ном зохиолоор л биенээ олж харах нь бий. Харин танд мэргэжил нэгт нөхдөөс чинь захидал их ирнэ биз?

-”Дээвэр дээр суудаг Карлсон”-оороо дэлхийд алдаршсан Шведийн их зохиолч Астрид Линдгрен, Луугийн хүү “Таро” зохиолоороо алдаршсан Японы нэрт зохиолч Мацутани Миёоко, Германы хүүхдийн нэр зохиолч Андерсений шагналт Жеймс Кросс, АНУ-гийн тэргүүн хатагтай Лора Буш гээд энэ үеийн олон арван суутнуудтай уулзаж учирч захидал солилцож явсан минь одоо ч надад хадгалагдаж байдаг.

-Хүүхдийн оюун билгийг хөгжүүлэхэд уран зохиолын аль төрөл нь илүү чухал үр дүнтэй байдаг юм бол оо?

-Хүүхдийг сэтгэлгээг тэлэхэд гол нь сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн яруу найраг үлгэр юм шүү дээ. Ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын маань оюун санаа хөгжөөгүй цагт улс орон хөгжинө гэдэг юу л бол. Бяцхан уншигчдынхаа сэтгэлгээний өндөрлөгт хүрэх замыг орчуулгын чиглэлээр засч яваа Дашдондог зохиолчийн ажил үйлс нь өөдрөг байг. Ирээдүй үеийнхний явах тэр зам ч өлзийтэй байх болтугай.

(Утга зохиол урлаг 2006.08.5)

Ярилцсан Ч.Оюунгэрэл

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=31990

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 17:28 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


өвөө та уншаад сэтгэгдэл үлдээхгүй байгаа болохоор ундууцаад байгаа муу, болий болий.
Бичсэн: upshot_gp цаг: 17:47, 2010-10-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax