2010-05-29
Номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай хүүхдүүд минь!

Номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай хүүхдүүд минь

Монгол улсын хүндэт мэргэн Даржаагийн Жамба

Миний аав

Айлын жаалын

Ааваас өндөр

Миний аав

Хүний хүүхдийн

Ааваас өндөр гэж миний нэг шүлэг эхэлдэг.

Үнэхээр ч миний аав өндөр хүн байсан.

Аав намайг

Мөрөн дээрээ

Өргөн гаргав

Аав намайг

Өөрөөсөө

Өндөр болгов.

Энэ шүлэг бол миний л амьдралаас төрж гарсан. Би нялх балчраасаа аавынхаа мөрөн дээр өссөн хүн. Шүлгийн эцэст яагаад өндөр болсныг нь асуухад,

Алсын

Алсын барааг

Аав нь хүүдээ харуулах гэж

Өндөр болсон юмдаа гэж хариулдаг.

          Миний аав үр хүүхэд биднийгээ өөрөөсөө илүү өндөрлөгт хүргэхийг хүсдэг байсан. Ганц биднийг ч биш, нийт хүүхдийг хайрладаг, түүнийг нь ч хүүхдүүд олж мэдэрдэг байсан гэлцдэг. Аав минь хорин хэдтэй шижигнэсэн эр жин тээж явахдаа зам зуур тааралдсан нэгэн айлд оржээ. Эмгэн өвгөн хоёр сууж байна гэнэ. Өвгөний өвөр дээр сэгсийсэн үстэй балчир жаал сууж байжээ. Аав намайг их санаж явсан тул, яагаад ч юм бэ, надтай адилхан ч санагдсан юмуу, нөгөө хүүг “нааш ир” гэж дууджээ. Тэгтэл нөгөө сэгсийсэн үстэй жаал ум хумгүй босч тэнтэр тунтар алхсаар аавын өвөр дээр очиж сууж. Аав ч түүнийг үнсэж үлгэхэд тэр жаал ер унтууцах янзгүй харин ч дуртай ход ход инээж байсан гэдэг. Өвгөн ихэд гайхаж “Ямар сонин юм бэ, хүүхээ, наад жаал чинь хүний бараа хардаггүй, айж зугтаад байдаг юм. Чи ер нь ямар ид шидтэй хүн бэ” гэж ихэд баяр хөөр болсон гэдэг. Миний муу аавд ямар юмных нь ид шид байх вэ. Харин жинхэнэ ид шидтэн нь хайрыг олж мэдэрдэг тэр жаахан хүүхэд л байсан байх. Тэгээд тэр өвгөн ханын ширгүүгээс хуучин нум сум гарган ирж “за хүү минь эцэг дээдсээс уламжилж ирсэн их нандин эд юм шүү. Миний ач эзнийг нь танив бололтой. Үүний ид шидийг үзүүлээрэй хүү минь” гээд огт танихгүй байж аавд минь өргөн барьсан гэдэг. Аав түүнийг адислан авч хэргийг нь үзүүлэхээ амалжээ. Амалсандаа ч хүрсэн. Эртний хийцтэй тэр нумаар насан туршдаа харваж, Монгол улсын хүндэт мэргэн цол хүртсэн. Би л лав хөвчийг нь татаж дйилдэггүй байсан. Өнөө хүртэл бидэнд хадгалагдаж буй тэр нумыг татах бүрдээ эртний хүмүүсийн хүч тэнхээг мэдэрдэг. Үнэхээр баатар эрс татаж байсан нум юм билээ. Аав минь 89 насандаа ч тэр нумыг татаж л байсан. Миний өвөг аав Дотнын Даржаа гэдэг хүн нутаг хошуундаа нэртэй сайн харваач байжээ.

          Аав тийнхүү сур харваа хэмээх эрдмийг эцэг дээдсээсээ өвлөн авч улмаар үх хүүхэддээ уламжлуулан үлдээхийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн. Миний дүү Ж.Цолмонбаатар бараг л хөлд оруутаа харваж, нэгэн удаагийн наадмаар түрүүлсэн ч билүү яалаа, лав л Ю.Цэдэнбал дарга надад шагнал гардуулсан гээд л бөөн баяр болж ирж байсан. Түүний хүү Ц.Тамир, охин Ц.Булган, Ц.Эгиймаа гурав нь ч бас л багаасаа харваж эхэлсэн. Миний дүү Ж.Ганбаатар, түүний хүү Г.Алтантүрүү нар ч шаггүй харваачид байсан. Миний хүү Д.Боролзой ч муугүй харваач байсан. Тэдний нум сумыг бүгдийг нь аав хийсэн. Түүгээр ч зогсохгүй харвах дуртай хүүхэд болгонд л нум сум хийж өгдөг байсан. Одоо ч хүүхдүүд аавын хийсэн нум сумаар харвасаар байна. Аав хүүхдүүдэд их хайртай, хүүхдүүд аавд их сайн. Энэ хандлагыг олон жил ажигласны хувьд хүүхдүүд, ач нар нь ярилцаад аавынхаа нэрэмжит хүүхдийн харвааг жил бүрийн 6-р сарын 1-нд хүүхдийн баяраар хийх санаа сэдэж сурын холбоонд танилцуултал талархан дэмжлээ. Аавд өөрт нь хэлтэл маш их баярлаж, тийнхүү 1998 онд Монголын үндэсний сурын холбооны хүндэт ерөнхийлөгч С.Батхуяг, Хоршоолол нийгэмлэгийн дарга Н.Лхамтогмид нар болон Монгол улсын гавъят тамирчин С.Цэвээн мэргэн, түүний хүү Хүдэрчулуун мэргэн, Үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа нарын олон хүн дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг бид яахан мартах билээ.

Аавын сайн найз Н.Пэрэнлэйн хүү, “Шинэчлэл инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Алтанхуяг, аавын нэрэмжит хүүхдийн харвааны медалыг хийлгэн өгч, тэргүүлсэн хүүхдүүдэд дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай болсон билээ. Мөн аавын минь ажиллаж байсан байгууллага болох Монголын Урчуудын Эвлэл, түүний тэргүүн Ц.Энхжин энэ ажлыг дэмжсээр ирсэнд бид талархах ёстой. 1998 онд 19 хүүхэд анхны тэмцээнд оролцсон бол эдүгээ хот, хөдөөгийн 40 гаруй бяцхан харваачид цэц мэргэнээ сорьдог боллоо.

Аав минь сурын зурхайд хүүхдүүдтэй хамт уухай хийн хоёр гараа дэлгэн зогсдогсон. Тэр үедээ л амьдралын баяр баяслыг амсдаг байсан шиг санагддаг. Нэг удаа аав “Надаас хойш энэ харваа үргэлжлэх үү?” гэж асууж билээ. Би “Үргэлжлэлгүй яах вэ, Монгол байсан цагт үргэлжилнэ” гэж хариулсан. Өөрийнхөө нэрэмжит харваанд эцсийн удаа оролцож байсныг нь бид мэдсэнгүй. Аав минь хэдийгээр тэнгэрийн харваач болсон хэдий ч хойч үе нь түүний харвааг газар дээр үргэлжлүүлэх болно. Сурын харвааг монгол ёс жудаг дагалдаж явдгийг харваачийн хүүгийн хувьд олон жил ажигласан. Аав минь өөрийнхөө нэрэмжит анхны харваанд тэргүүлсэн хүүхдэд шагнал гардуулахдаа “Миний хүүхдүүд, номондоо ч мэргэн, нумандаа ч мэргэн яваарай!” гэж ерөөж байсан. Ирээдүйн мэргэдийг төрүүлэхийн төлөө аав минь бүхнээ зориулсан. “Том хүүгээ л харваач болгож чадсангүй” гэж ярьдаг байсан гэлцдэг. Хүү нь үгээр харвадаг хүн болжээ. Ялгаагүй юм уу даа аав минь. Үгээр харваж сурсан тулдаа энэ бяцхан дурсамжийг бичлээ. Үгийн сум минь харин байндаа тусч чадав уу яав?

 

хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:05 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ger buuliin saihan dursamj ym aa... suriin harwaag tsaashid olon olon jil urgeljluulj yawaarai
Бичсэн: Зочин цаг: 09:01, 2010-07-07 | Холбоос | |


Сайхан дурсамж болжээ...Аавын тань хэлдгээр та нумандаа биш номондоо айхтар сайн мэргэн харваач болжээ...Үүнийг тань олон түмэн, төр түмэн тань харж гавъяа шагналаа хүртэл хайрлажээ...Эцэг гэж бурхан шиг сайхан хүний нэрийг нь өргөж явна гэдэг ай бас л хэцүү байх гэж би бодож байна...Хүссэн хүн бүр эцгийнхээ нэрийг өргөж яваа ч билүү үгүй ч билүү...Харин та болоод таны дүү нар үнэхээр сайхан өргөж яваа юм байна. Монгол сур минь мартагдах учиргүй, тйимээс ч аав тань бага балчир хүүхдүүдэд зааж сургаж байсан биз...Аавынхаа тухай сайхан дурсамж нийтэлсэнд баярлалаа...
Бичсэн: Зоригт ван цаг: 19:37, 2010-05-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax