2010-04-06
Эмээгийн үлгэр

 

Би гэдэг хүн чухам хэдийд мэдээ орсон юм бол? Нэг л мэдэхэд утаа тортог болсон эсгий гэрийн задгай галд дулаацаж суусан. Хамгийн түрүүнд эмээгийн царайг олж харсан шиг санагддаг юм. Эгнэн зурайсан морин зам шиг үрчлээт магнай нь одоо ч нүдэнд харагдсаар байна. Дэлхийн бүх л эмээ ач зээ нараа хайр, ухаан хоёроор угжиж өсгөдөг байх. Миний эмээ ч тэдний л нэг. Тэгэхдээ шууд ингэ, тэг! гэж алхам бүрийг минь заагаагүй. Эрт урьд цагт гээд л үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялуулж эхлэдэгсэн.

Үлгэрээс надад ер бусын хүчтэй сэтгэгдэл төрсөн. Жигшин зэвүүцэх буюу бахархан баярлах, хошигнон  инээх буюу өрөвдөн уйлах гээд л. Энэ гуай шиг юм уу, тэр гуай шиг хүн бол! гэж ер хэлдэггүйсэн. Харин үүнд буюу түүнд ийм буюу тийм явдал тохиолдож гэнэ гээд л зохиол шиг сонин юм ярьж гарна. Ер нь үглэж яншихаас үйл явдлаар дүрслэн дүрслэн ярих нь багачуудын сэтгэлд илүү наалдацтайг Монголчууд өнө эртнээс мэддэг байсан бололтой. Далай их Чингис хаан дүү нар хийгээд дөрвөн хөвгүүндээ айлдсан сургаалиа үлгэрийн хэлбэрээр илэрхийлсэн нь учиртай. Утга нь ийм. Урьд нэг толгойт могой мянган сүүлээ залан явсаар тэргэнд дайрагдалгүй амь гарч чаджээ. Харин мянган толгойт нэг сүүлт могой тал тал тийш дур дураараа зүтгэлсээр тэргэнд дайрагджээ. Монголчууд олон толгойтой байх үедээ хялбархан мөхөж, ганц толгойтой үедээ хүчирхэг болсон нь түүхэн үнэн билээ. Чингис хаан тэрхүү үлгэрийг эцэг өвгөдөөсөө сонсож, дэлхий нэг эзэнтэй болчихвол хүн төрлөхтөн дайны зовлонгоос сална гэж итгэсэн ч байж мэднэ. Ямар ч гэсэн өвөг дээдсийн хуурай үгээр биш үлгэрийн зохиомжоор хэлсэн сургаал сэтгэлийн утсыг илүү хөндөх нь мэдээж.

Миний дүү долоон настайдаа өөрийгөө зурж билээ. Нэг чих нь жижиг, нөгөө чих нь том. Ямар учиртайг асуухад үглээ үг сонсохоор чих нь багасаад, үлгэр домог сонсохоор чих нь томроод байна гэнэ. Түүнээ санаа авч “Би” шүлэг бичсэн бөгөөд тэр нь миний “Аав, Ээж, Би” номын нэгэн тулгуур багана болж билээ. Хүүхдийн сэтгэлд яншаа үгээр биш яруу дүрслэлээр хүрч болдогийг эмээгийн үлгэрүүд нотлож байна. Ер нь бодоод байхад хүүхдийн утга зохиолын цагаан толгойг анх надад заасан багш нь эмээ юм байна. Миний амьдралд эмээгийн үлгэр ямар хүчтэй нөлөөлснийг одоо л би ухаарч байна.

Би багадаа зурам алдаг увайгүй жаал байв. Зуны даалгавар хойно яалтай ч билээ. Эмээ эрхээ эргүүлэн маань уншиж “Яасан нүгэлтэй сургууль вэ, та минь” гээд залбирна. Бурхан шашинд нь харшилдаг биз. Тэгэхдээ амьтны амь хороолоо энээ тэрээ гэж загнаагүй. Үдэш нь “Цуутын цагаагч гүү” гэдэг үлгэр ярьлаа. Би өөрийн эрхгүй уйлж орхидог юм байна. Маргааш нь дахиад л ярьлаа. Би бас л уйллаа. Олон ч үдэш ярьсан даа, тэр үлгэрийг. Өөр үлгэр мэддэггүй юм уу л гэмээр. Ярих болгонд нь би уйлна. Тоглон давхилдаж явахдаа өндгийг нь бяц гишгэсний хариуд өс санасан шувууд сүрэглэн ирж дайрахад хөөрхий Цуутын цагаагч гүү унагаа тал талдаа гарган хамгаалсан ч өөрөө амьд үлдээгүй тухай эмгэнэлт явдал тэр үлгэрт гардаг. Биеэс нь цус бялтаж буйг унага нь хараад юу болохыг асуухад эх нь “Зостын даваагаар давахад зос шавар наалдаа биз ээ?” гэж хэлдэг. Үр төлөө зовох вий гэж хайрлахдаа өөрийнхөө шархыг нуун хэлж буй тэр хэсгийг сонсуут чээж өөд нэг юм өгсөх шиг болж нүдэнд нулимс дүүрээд ирдэг сэн. Түүнээс хойш би амьтны амь хороох нь байтугай өчүүхэн шоргоолжин дээр ч гишгэчих вий гэхээс байдгаараа хичээж явах болов.

Монголчууд олон үеийн турш үлгэрийн гайхамшгаар үр хүүхдээ хүмүүжүүлсээр иржээ. Үлгэр сэтгэлийг хөтлөж, сэтгэл биеийг хөтөлнө. Чингис хаан нэгэнтээ “Сэтгэлийг нь хурааж ирвэл бие нь хаа холдох” хэмээн айлджээ. Ном хэмээх цагаан буянтан бий болсноос хойш өнө эртний аман үлгэртэй дөрөө харшуулан явж хүүхдийн сэтгэлд хүчтэй нөлөө үзүүлэх болов. Миний амьдралыг ном л эргүүлж орхисон. Сургуульд явах замд номын мухлаг тааралддаг байлаа. Одоо харахад жижгээс жижигхэн байшин. Хичнээн сайхан номыг эргүүлж тойруулж үзэвч мөнгөгүй тул авч чадахгүй байв. Нэгэн удаа хөдөөнөөс ирсэн авга ах “Чихрээр яахав, ном авч уншаарай” гээд арван төгрөг өгч билээ. Би ч дуртай номоо авлаа.  Сургууль хүрэхэд бараг нэг цаг явах тул нөгөө номоо замдаа уншчихлаа. Ангидаа очоод нөхөддөө үзүүлж үйл явдлынх нь зах зухаас ярьтал булаалдаж байгаад худалдаад авчихлаа. Тэр мөнгөөр нь гэртээ харих замдаа өөр шинэ ном авч уншаад маргааш нь бас л зарчихлаа. Энэ мэтчилэн явсаар мухлагийн бүх номыг аравхан төгрөгөөр авч уншсан хүн дээ, би.

Би өөр хүн болж байгаагаа мэдэрлээ. Гоё гоё ном бүтээдэг хүн болохсон гэж хүслээ. Тэндээс л миний зохиолч болох зам мөр минь тодорсон юм. Нэг ангийн найзууддаа хэлмээр зүйл их байлаа. Тэгэхдээ би түүнийг шууд биш уран дүрслэлийн аргаар хэлэх нь дээр юм байна гэдгийг ухаарсан. Энэ бол нөгөө л эмээгийн маань үгээ үлгэрээр хэлэх арга л даа. Эмээгийн үлгэр сонсоод уйлж суусан би хүүхдийг уйлуулах үлгэр бичихсэн гэж олон жил мөрөөдсөн. Бичлээ. “Чулуун домог” гэдэг ном. Хэвлэгдсэнээс хойш би уншигчдаас маш олон захидал хүлээж авсан. Тэр номыг уншаад уйллаа л гэж бичсэн байдаг. АНУ-ын тэргүүн хатагтай Лаура Буш “Таны аугаа их энэрэнгүй сэтгэлийг бишрэн хүндэтгэж байна” гэсэн үгтэй захидал хүртэл ирүүлсэн. Эмээ минь “Цуутын цагаагч гүү” үлгэр ярьж намайг уйлуулдаг байсан. Би одоо “Чулуун домог” номоороо уншигч олон хүүхдүүдийг уйлуулах боллоо. Уул номын хүрээнд “Чулуун домог” морин тэрэгний аялал зохиож, монголд эдүгээ ховордож буй хээрийн амьтныг хайрлан хамгаалах хөдөлгөөнийг хүүхдийн дунд өрнүүллээ. Амьтай бүхнийг хайрлах сэтгэл л хүүхдэд төрж байвал болох нь тэр.

Миний уншигчдаас ирээдүйд ерөнхийлөгч болсон хүн дайны шийдвэрт хэзээ ч гарын үсэг зурахгүй гэдэгт би итгэл төгс байна. Хүч хэрэглэхийг урьдаа барьж, зэр зэвсгээрээ гайхуулан хүний амь хороохыг юман чинээ боддоггүй хүмүүс багадаа лав энэрэнгүй үлгэр сонсож уйлаагүй байж ч мэднэ. Багадаа өр нимгэн зөөлөн сэтгэлтэй өссөн хүнд дайтаж байлдах санаа хэзээ ч төрөхгүй гэдэгт би итгэдэг. Орчин үеийн их сэтгэгч, гүн ухаантан Дайсаку Икедагийн “Уудам тал цагаан хүлэг” гэдэг ном ч дайнгүй ирээдүйг урин дуудсан байдаг. “Даян дэлхийн бүх хүн хоорондоо найз нөхөд болоосой” гэсэн зохиолчийн чин хүсэл уул номонд нэвт шувт. Энх тайвны энэ үлгэрийг дэлхийн бүх хүүхдэд уншуулах сан. Ноён Дайсаку Икедагийн авсан гэрэл зургууд, бичсэн шүлгүүдтэй нь найрсан нийлж, манай дэлхийн яруу сайхныг магтан дуулсан симфони мэт сэтгэлд эгшиглэх бөгөөд бид чинь ямар сайхан ертөнцөд амьдарч байгаа юм бэ? гэсэн бахархлыг эрхгүй төрүүлнэ. Тийм сайхан байгаль дэлхийг дайны утаагаар бүрхэх харанхуй санаа хэнд ч үл төрмөөр.

Үзэг барьсан бичээч бид өвөг дээдсийн бүтээсэн сайхан сэтгэлийн үлгэрээр туг хийж, хүн төрлөхтөний дайн дажингүй ирээдүйг зөгнөн туурвиж явна. Эмээгийн үлгэрийг сонсож өссөний хэрэг юу билээ? Өнөөгийн хүүхдийн сэтгэлийг зөөллөх үлгэр бичихээс эрхэм зорилго үгүй. Маргаашийн тэнгэр цэлмэг байг.

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 16:38 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax