2010-03-24
Цагаан цасан малгайт уул

 

Академич Цэндийн Дамдинсүрэнгийн тухай

Арван долоотой байхдаа би эцгийн гэрээс гарч Их сургууль гэдэг нэгэн том айлын хаалга татаж билээ. Эхлээд намайг сурлагаар гайгүй юм, тооны ангид авна гэлээ. Бүүр тулгаад болдоггүй. Тэгэхээр нь би улсын хэвлэх үйлдвэрээс дөнгөж гараад байсан “Аргатай хүү” номоо авчирч үзүүлэн учирласаар байж хүссэн ангидаа арай гэж орлоо. Анхны цалингаа өвөртөлчихөөд хамгийн түрүүнд театр луу харайлган “Учиртай гурван толгой” дуурийн тасалбар худалдаж авлаа. Хүн болсных түүнийг л үзэхийн бөөн хүслэн байв. Оройн цагийн диваажин болсон орон улсынхаа их театрт амрагийн тунгалаг аялгуу сонсож суухад, одоо л нэг том хүн боллоо доо гэсэн бодол огшоод ирэх нь тэр. Хөшиг хаагдсан ч сэтгэл нээгдээд, дотуур байр луугаа алхалж явахад хөл хөнгөрөөд нэг л сайхан. Гэнэт цалин авснаа санаж халаасаа тэмтэртэл мөнгө алга. Ариун дагшин тийм газар бусдын халаасанд бузар хуруу дүрэх хүн арай нэвтэрч ормооргүй юм. Яая гэхэв, бүтэн сар бүсээ чангалахаас! Аль наашаа гэсэн айлын хоол буудсаар сүүлдээ дахин очихоос халшрах болов. Ням гаригийн нэгэн өглөө дэмий л тэмдэглэлийн дэвтрээ эргүүлж хэвттэл “Цэцэрлэгийн гудамж, Гочоо” гэсэн үг нүднээ туслаа. Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Гочоо гуайтай би яаж яваад ч танилцлаа даа? Эхнэр нь Сэр-Од гэж сайхан зантай нэг эгч байсан. Гэдэс жаахан хонхолзож хоносныг ч хэлэх үү, тэр хоёрын инээд гэрэлтсэн царай харагдаад болдоггүй. Хоёр хөл минь нэг мэдэхэд цэцэрлэгийн гудамж руу алхалж явлаа. Тэр гудамж Их сургуулиас зүүн тийш нэг их холгүй, одоогоор бол Худалдааны дээд сургуулийн арханд байсан байх. Цуулбар үзүүрт нь цавчсан мод уртааш нь зуулгаж барьсан шургааган хашааны хүрэн дааман хаалгыг таттал хонх дүн дан хийж, өнгөрсөн зуун руу алхаад орчих шиг санагдлаа. Дотор нь хуучин цагийн шавар байшин, өмнө нь гэрийн буурь, зүүн талд нь нилээн өндөр довжоон дээр барьсан жижиг гэр байна. Тэр гэр Гочоо гуайнх. Орвол Гочоо гуай дуу алдаж “Цай уудалж байхад ирлээ. Үйлс чинь бүтэмжтэй явах нь. Дээшээ суу!” гээд л сүйд майд болов. Би ч уухайн тас аяганы өр бараадан, зүсэм талханд шар тос түрхэж элсэн чихрээр өнгөлөөд үмхэлж гарлаа. Гочоо гуай тос самарсан сүүтэй цайгаа хааяа нэг оочлонгоо “Манай Нямдавааг танина биз дээ?” гэх. Би зай завсаргүй идэж уух завсраа “Аан-ха!” гэж толгой дохихоос цаашгүй. Цадсан хойноо л сая “Ямар Нямдаваа билээ?” гэж бодлоо. Гочоо гуай тээнэгэлзэн буйг минь мэдэв бололтой. “Манайхны хүүхэд юм аа. Одоо “Гурван найз” кинонд Балбар гэдэг хөдөөгийн хүүхдийн дүр бүтээж байгаа юм гэнэ. Та нар залуу улс замын уулзварт зөндөө л таарах биз” гэлээ. Тэгтэл хаалга сэвхийж, шуудай барьсан нэг өвгөн орж ирлээ. Гэрийн эзэн босон харайж цай цүй болоод явчихав. Намхавтар нуруутай, хуучивтар бүрх малгайтай, нилээн дээр үеийнх болов уу гэмээр оготор цагаан цувтай тэр өвгөн тухтай ч цай уусан юмгүй “Эртхэн эхлэх үү дээ” гээд гэрээс гарав. Гадаа хүрз хангинах сонсдоно. Надад яарах юу байхав. Тухлан сууж ганц аяга цай уугаад гарч иртэл нөгөө өвгөн гэрийн шал тавих янзтай. Над руу харснаа “Энэ юун хүү билээ?” гэж асууж байна. Гочоо гуай “Их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангийн оюутан” гэхэд оготор цувт өвгөн “За тэгвэл шал тавилцана аа, хө” гээд гарт хүрз атгуулдаг байгаа. Яана аа? Аятайхан хувцастай хүнд айлын хандлага өөр байх болов уу гээд цайныхаа ганцыг өмсөөд ирчихсэн байдаг. Түүнийгээ шалны шороотой хутгаад хаячих нь дэндүү хайран санагдлаа. Яахаа мэдэхгүй зогсож байтал өвгөн “Юугаа харсан юм бэ? Алив энэний цаанаас өргө!” гээд шалны өрний нэг талаас барьчихсан зогсож байлаа. Би нөгөө талаас нь арай ядан өргөтөл “Хээ, чи яасан туниа муутай банди вэ? Аж ахуйд очоод шуудайны тал ч даахгүй нь байна шүү дээ” гээд загнах зэмлэх хоёрын дундуур хэлэв. Хотын захын нэг өвгөнөөс бүү хэл эцэг эхээсээ ч тийм үг сонсож байгаагүй тул адармаар санагдлаа. Өргөж явсан шалныхаа өрийг зориуд алдаж орхитол доргионд нь өвгөний гар өвдөлгүй яахав. “Ёо гэм. Харав уу та минь! Энэ ер нь яасан дошгин унага вэ?” гэхэд Гочоо гуай “Наадах чинь Булган нутгийн унага даа” гэлээ. Өвгөний нүүрэнд уурлах инээх зэрэгцэж “Булганы унагыг ногтонд нь номхруулж, чагтанд нь чангалах хэрэгтэй” гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэв. Юун инээхтэй манатай. Аяга цайнаас болж аль муугаа үзэх гэж! Хайран ч цаг, хайран ч хувцас! Миний харууслыг өвгөн гадарлав бололтой. Намайг өргөх зөөх ажлаас чөлөөлж, шалны шороо тэгшлэн засах ажилд томилов. Хичнээн мэрийвч өвгөний сэтгэлд үл нийцнэ. Өөрөө бол чулуу бүхнийг нэгд нэгдгүй түүн, нөгөө авчирсан шуудайгаараа арчин тэгшилж шалаа тавиад дээр нь аяганд ус хийж хазгай эсэхийг нь шалгана. Ямар уйтгартай гэж санана. Хөл дор өвөлжих энэ муу шалыг яаж ч тавьсан яадаг юм бэ? гэх шүү юм бодогдоно. Өвгөн надаас “Чи ер нь хөдөөний хүүхэд байж шал тавьж үзээгүй юм уу?” гэж асуухыг бодоход цаанаа л нэг голонгуй байгаа шинжтэй. Би ямар айлын ганц хүү, аав миний гарыг шороонд хүргэх дургүй энээ тэрээ гэлтэй биш, дуугүй л байлаа. Шалыг дахин дахин хуулж тавих нь хичнээн төвөгтэй ч би нэг л мэдэхэд өвгөний нягт нямбай барилыг авсан байв. Удалгүй ажил ч дууслаа. өвгөн тэв тэгшхэн тавьсан шалаа шуудайгаараа арчаад намайг дуудаж “За ямар байна? Үнэн сэтгэлээ л зориулахгүй бол ямар ч ажил чанартай сайн болдоггүй юм. Сэтгэлгүй ажил давсгүй хоол л гэсэн үг” хэмээн тас тас инээсээр гарч одов. Би хувцасныхаа шороог гөвөнгөө Гочоо гуайгаас “Энэ цэцэн өвгөн чинь хэн гэгч вэ?” гэвэл “Цэндийн Дамдинсүрэн гуайг мэдэхгүй хүн монголд байдаг юм уу?” гэж асуултыг асуултаар хариулах нь тэр. Би өөрийн эрхгүй дуу алдлаа. Пээ! Дамдинсүрэн гуай чинь ийм хүн байсан юм уу? Би түүнийг нэг их өндөр сүрлэг хүн байгаа даа гэж төсөөлөн боддог байсан. Нэгдүгээр ангид байхдаа анх удаа тайзан дээр гарч

Ц.Дамдинсүрэн

Өл буурал хангай минь

Өндөр болоод сүрлэг дээ

гэж уншсанаа яахан мартах билээ. Магадгүй, шүлгийн тэрхүү мөрнөөс ч зохиогчийнх нь тухай төсөөлөл надад төрсөн байж мэдэх юм.

Цагаан цасан малгайтай

Ногоон модон хүрэмтэй

Хөх усан хормойтой

Баян хангай уул минь

гээд л хичнээн ч жил дуулав даа, монголын ард түмэн! Манай өвөлжөөний ард Баянхангай гэдэг сүрлэг сайхан уул сүндэрлэж байдаг болоод ч тэр үү, надад бол бүүр ч дотно. Тэр Дамдинсүрэн гэдэг хүн манай нутгийн уулыг л ирж үзээд бичиж дээ гэж багадаа би боддог байсан. Тэгээд би Баянхангай уулаа малгай духдуулж, хүрэм нөмрөөд хормойгоо Шувуутын голын цэнхэр усаар эмжсэн өвгөн мэтээр төсөөлөн боддогсон.

Мөчит дөрвөн хөлтний

Мөр нь гараагүй оргил

Мөгөөрс нимгэн хоолойтны

Дуу нь хүрээгүй оргил гэсэн гайхамшигт цэцлэл монгол хүн бүрийн цээжинд мөнхрөн үлджээ. Түүнийг зохиогч өөрөө орчин цагийн монголын уран зохиолын ноён оргилд анх түрүүн мөрөө гаргаж, дуу хоолойгоо хүргэсэн билээ. Зохиол нь уран сайхны өндөр түвшинд бичигдсэн болохоор зохиолч нь мөн тийм байж таараа гэж бодсоноос миний сэтгэлд үлгэрийн баатар шиг сүрлэг дүр ургаж гарсан байх. Пээ, уран үгийн их аврагатай таарахаа мэдсэн бол ганц ч болов шүлгээ уншиж зөвлөлгөө авах минь яалаа? гэж амаа барилаа. Гэхдээ яахав, монгол хэл утга зохиолын ангийн оюутны хувьд их билэг дэмбэрэлтэй явдал. Та нарыг бодвол би шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчтэй хамт шороо хүрздэж явлаа гэж хожим ярихнаа нь ч гэсэн. Маргааш нь нөхөддөө гайхуулах санаатай хар гүйхээрээ ангидаа орж “Өчигдөр Цэндийн Дамдинсүрэн гуай бид хоёр айлд шал тавьж өгсөн” гэвэл “Байтлаа худлаа залах нь уу? Хүн андуураа биз? Монголын утга зохиолын өргөөний буурийг зассан хүн юу боллоо гэж айлын шав тавьж явах билээ” гэлцэн инээлдэв. Нээрэн гэж хичнээн зүтгэвч нэмэргүй. “Тэгвэл хэнийх гэдэг айлд шал тавив?” гэсэн хариу асуултад нь унаж, амаа хамхихаас өөр аргагүй болов. Ямар ч гэсэн Гочоо гуайн эхнэр Сэр-Од Дамдинсүрэн гуайн хамаатны охин гэсэн. Тийнхүү хамаатан хөгшчүүл нь зохиолчийн аж төрж байсан хашаанд суух тул жил бүрийн намар шалыг нь тавьж, гэрийг нь барьж өгдөг байсан биз ээ.

Тэгэж байтал нэг өдөр “Залуучуудын ордонд Цэндийн Дамдинсүрэн лекц уншина” гэсэн зар тарж, бид ангиараа очлоо. Намхавтар хүн тайзнаа гарч ирэхэд би дуу алдан “За тэр, нөгөө шал тавьсан хүн маань яг дүрээрээ!” гэтэл нөхөд маань сая үнэмшиж, миний азтайг гайхалдан байв. Эрдэмтэн зохиолчийн яриа нэг ёсондоо монголын уран зохиолын хамгийн сонирхолтой амьд хичээл болов. Түүний яриа 1929 оны өвлийн тэр нэгэн өдрөөс эхлэв. Зохиолчдын өрх гэр дөнгөж төвхнөж, хорин нэгтэй цэл залуухан эр тэгэхэд “Гологдсон хүүхэн”-ээ дагуулан ирж гал голомтыг нь бадрааж байжээ. Нэг удаагийн цугларалтаар Дунгарын Чимэд гэдэг хүн үүлэн дээр сүндэрлэсэн хотын тухай зохиол уншиж гэнэ. За энэ чинь яахлаараа үүлэн дээр хот барьж болдог билээ гэтэл хийсвэр зохиол гэж ийм юм байдаг юм гэж хариулж байна гэнэ. Дамдинсүрэн гуайн ярианаас үзвэл зохиолчдын байгууллага анх үүссэн цагаасаа л урлан бүтээх олон аргын тухай ярилцаж, шинэ замыг эрж хайж эхэлсэн бололтой. Хэдийгээр тухайн нийгмийн эрхээр социалист реализм гэдэг цорын ганц арга уран бүтээлчдийн мөрийн хөтөлбөр болсон ч Ц.Дамдинсүрэнгийн зохиол төдийлөн түүнд баригдаагүй мэт санагддаг. Өөрийн гэсэн өвөрмөц бодлоосоо болж олонд адлагдсан Бух Гомбоос, хүний дотор чөтгөр болсоор яваа Дормэд хүртэлх бараг л бүх баатрууд нь хувьсгалт шүүмжийн овоо хараанд ямагт өртөгдсөөр ирснээс тодорхой. Уулзалт дээр түүний “Зохиолч бид дандаа л худлаа юм бичдэг. Гэвч хүмүүс түүнийг үнэн юм шиг итгэж уншдагт л хамаг учир нь байгаа юм” гэж хэлсэн үг одоо хүртэл санаанаас гардаггүй. Тэр бол өндөр уран чадвар. Зохиолынх нь өгүүлэмж жирийн өвгөн эмгэн ярьж буй мэт энгийн атлаа уншаад дуусахад заавал нэг мэргэн санаа, гүн ухаан сэтгэлд тунаж үлддэг. Үсэн бууралтах цагт мэндэлсэн Дулмаа охиндоо зориулсан бяцхан шүлгээс нь гэхэд л намар хэдий навч цэцэг гандавч, амтат сайхан жимс боловсордог гэсэн дорнын цагаан билгийн ухаан од мэт гэрэлтэх жишээтэй. Ер нь Дамдинсүрэнгийн шүлгийг цээжээр мэдэхгүй монгол хүнийг олоход бэрх биз ээ. Нэг шүлгийг нь бүх ард түмнээрээ номхон зогсож байгаад аялгуулан хэлдэг. Тэр нь төрийн сүлд дуулал.

Дархан манай тусгаар улс

Даяар монголын ариун голомт хэмээн дуулахад дэлхийд барих нэрийн хуудас болсон Чингис хааны эх оронд төрснөөрөө бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Түлшинд хэрэглэдэг модоор түмний эхийн сийлбэр бүтээвэл монголчууд түүнийг дээдлэн шүтэж гэрийнхээ хойморт залах учир бий. Өдөр тутам хэрэглэдэг хар ярианы хэлээр шилдэг зохиол туурвивал уншигчид түүнийг гайхан биширч сэтгэлийнхээ хойморт залах удаа бий. Жирийн үгээр нарийн сийлбэр хийж, хүн бүхний сэтгэлийг соронздон татсан уран бүтээлч гэвэл Ц.Дамдинсүрэн яахын аргагүй мөн. Түүний зохиолыг найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгд сонирхон уншина. Ардын үлгэрт үүнээс наашихыг хүүхэд, түүнээс цаашихыг томчууд уншина гэсэн хил хязгаар байдаггүй. Түүн шиг л юм. Аль эрт 1931 онд бичсэн “Цэцэн хурга” өгүүллэгээр жишээлж болно. Хэрлэн голын эргээр бэлчиж явсан хурга юуг үл мэдэх нэвсгэр юмнаас үргэсэн хонин сүрэгт түрэгдэн шахагдаж ус руу унаснаас адал явдал эхэлж байна. Азаар хөвж явсан банзан дээр унаж амь аврагддаг ч бүргэдийн савраас мултарсангүй. Хоёр бүргэд булаалдан ноцолдоход хурга доош унав. Амь гарах завшаан таарсанч чонын нуруун дээр унаж өмнөхөөсөө илүү аюултай тулгарчээ. Энэ мэт аймшигт явдал тохиолдсоор байсан ч жаахан хурга арга ухааныхаа хүчээр даван туулж эцэст нь амар мэнд сүрэгтэйгээ нийлдэг.

Энэ бол “Нугасны муухай дэгдээхэй” үлгэрээрээ өөрт тохиолдсон зовлонт явдлыг усны шувууны дүрээр гайхалтай сайхан илэрхийлсэн дэлхийн үлгэрийн их хаан Х.К.Андерсений урлах аргатай адил мэт надад санагддаг. Тийм зохиолыг хүүхэд, том хүний аль аль нь сонирхон уншина. Тийм ч учраас би хувиараа хэвлүүлсэн хүүхдийн шилдэг зохиолын “Алтан үлгэр” цувралдаа оруулж, уншигч олны хүртээл болгосон билээ. Би шуудангийн 46-р салбарын дэргэд эрдэмтэн зохиолчтой өдөр болгон шахуу тааралддаг боловч халдаж юм ярихаас халгадаг байв. Түүний уран бүтээл Алтай сүмбэр оргил шиг өндөрт байснаас тэр биз. Цагаан тааран уутаараа дүүрэн захидал ном чихчихсэн шуудангийн салбараас гарч ирдэгсэн. Нэг удаа би зориг гаргаж амар мэндийг нь айлтгаад өөрийгөө танилцуулан “Танд “Залгамжлагч” сэтгүүл дугаараараа бий юу?” гэтэл “Анхны дугаараас эхлээд бүгд бий” гэв. Тэр үед “Залгамжлагч” сэтгүүлийн 50 жилийн ой болох гэж байв. Тэгэхэд би хүүхдийн сонин, сэтгүүлийн эрхлэгч байсан. Улмаар үгээ ахиулж “Та өөртөө байгаа бүх дугаарыг бидэнд өгөхгүй юу?” гэвэл “Та нар алга болгочихоно. Тэгэхдээ би таныг хэлж байгаа юм биш шүү” гээд жоготойхон инээж байна. Одоо бодоход түүний зөв байжээ. Дугаараар нь үдсэн сэтгүүлийг авчихсан бол өнөөдөр нээрэн л алга болох байжээ.

Дараагийн нэг өглөө цагаан хоолны газар орох замдаа хамт явж, бүүр суудал зэрэгцэн суух завшаан таарав. Нүүр нь нилээн хөхөлбөр өнгөтэй болжээ. Номны тоосонцроос болсон гэнэ. “Таны гарын үсэгтэй бичгийг одоо хүртэл нандигнан хадгалж байдаг” гэвэл “Юу билээ?” гээд сонирхож байна. Би “Халхын Цогт хун тайж” номын гар эхийг Хэл зохиолын хүрээлэнд өгч байснаа ярихад нүд нь сэргэж “Өө, тэр хүү чи байсан юм уу?” гээд их л дулаан яриа өрнөх маягтай болж ирэв. Би ч биеэ барихаа больж, дотно танилтайгаа ярьж буй мэт дуу шуу орж “Таны “Морь шинжээч Жомбоо хүү” номыг уншлаа. Сүүлийн үед хүүхдийн зохиол руу орж байна уу?” гэтэл Дамдинсүрэн гуай “Миний бүх бүтээл чинь хүүхдийн зохиол шүү дээ” гээд тас тас инээв. Тэгээд тайлбарлаж байна аа. Хүүхдүүд зохиолыг нь уншаад захидал их бичдэг гэнэ. Ер нь тэгээд уншигч нь сонирхож л байвал тэдний том бага байх нь хамаагүй гэнэ. Жишээ болгож “Алтан загасны үлгэр”-ийг ярив. Ямар нийгэм байх нь хамаагүй, хөгшин залуу ялгаагүй хүн байсан цагт л тэр үлгэр ямагт байна. Түүнийг хоёр талаас нь хүүхдийн, том хүний гэж булаалдаад ч нэмэргүй гэнэ. “Алтан загасны үлгэр” бол монголчуудын хувьд өөрийн зохиол мэт санагддаг. Бараг орос эхээсээ ч илүү болчихсон юм шиг. Орчуулга гэхээсээ бараг Ц.Дамдинсүрэнгийн зохиол гэмээр. Бас орос ардын “Боов” гэдэг үлгэрийг монгол ардын аман зохиолын хэв маягт оруулан

Авдрын ёроолыг малтвал

Атга гурил гарна

Савны ёроолыг шавхвал

Шанага гурил олдоно гэх зэргээр цэцлэн орчуулсан байдаг. “Муурын байшин” үлгэрийн жүжгийн орчуулга ч тийм л байдаг. Тийнхүү Ц.Дамдинсүрэнгийн гаргуу авъяас орчуулга руу хандсан нь номын хорхойтон хүүхдүүдийн хувьд азтай сайхан тохиол болжээ. Цагаан хоолны газар өглөөний унд уух зуур цөөн үг сольсон маань бидний хувьд сүүлчийн уулзалт байсныг мэдсэнгүй. Цээлийн ус ширгэв. Цэгээн чулуу хагарав. Цэцэн билэг бөхөв. Гэвч түүний мэргэн ухаан, оюун билгээс төрж гарсан зохиолын баатрууд нь бидний дунд үлджээ. Их зохиолчийн аж төрж байсан ягаан байшингийн дэргэдүүр өнгөрөх болгонд уянгат сайхан шүлгүүд нь яруу тунгалаг найрал хөгжим эгшиглэх мэт болж, Солийг сольсон говийн залуу эр Батаас эхлээд элэг хөшим сонин паянтай Толь Гэндэн хүртэлх бүх баатрууд нь мэндлэх мэт санагддаг. Намрын нэгэн өглөө нөгөө байшингийн дэргэдүүр өнгөрч явтал хүү маань Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын самбар өөд цоройгоод алтан үсгийн тууз зүүж, цэцэг тавьж харагдав. Миний хүү Боролзой ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажилладаг бөгөөд төрсөн өдрөөр нь хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг авсан юм байж. Би эрдэмтэн зохиолчийн дүртэй чулуун самбар луу зааж “Энэ аугаа их соён гийгүүлэгчийн гаргасан гэрэлт замаар явахад алзахгүй” гээд хүүгээ үнсэж билээ. Хатагин овгийн нүүдэлчин харц язгуурт Дамдинсүрэн бол уран үгийн өндөрлөгүүд дундаас үнэхээр цолгорон товойж гарсан цагаан цасан малгайт сүрлэг нэгэн оргил бүлгээ.

 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:27 | Шүүмж, тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax